Европын Холбооны төгсгөлийн эхлэл мөн үү?

"Гарах гэдэг тэр нүдийг сонгосноор бид мартагдаад байсан ардчилалаа буцаан авчирлаа" Dominic Lawson


Товч агуулга:

The Sunday Times сонины сэтгүүлч Dominic Lawson-ий Brexit дээр дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг та бүхэнтэй хуваалцмаар санагдсан тул гол хэсгүүдээс нь орчууллаа. Манай залуус энэхүү санал асуулгын талаар ташаа мэдээлэлтэй, буруу ойлголттой байгаа тул үүнийг уншаад нэгийг бодох буй за…

Тав дахь өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр BBC-ийн Кати Адлер Европын Коммишны Ерөнхийлөгч Жан Клод Юүнкерээс “Их Британичуудын хийсэн сонголт нь Европын Холбооны төгсгөлийн эхлэл мөн үү?” гэж асуулт тавьсан. Эхлээд хашир сонсоогүй юм шиг хэсэг сууснаа “Үгүй” гэдэг ганц үгээр хариулаад хурлыг шууд хаяж гарав. Гайхсан сэтгүүлчид хэсэг чимээгүй байж байгаад гэнэт нирхийтэл алга ташлаа. Сэтгэл хангалуун, их зантны клуб гэж энэ...

4-р радио студид Европын Парламентын ерөнхийлөгч Мартин Шулц өгсөн ярилцлагадаа “Европын Холбоонд ямар ч хямрал болохгүй” гэж итгэлтэй хэлснийг сонссон Их Британийн радио сонсогчид нэгийг бодсон л байх.

Юу л даа, бид олон нийтэд сандрал үүсгэхгүйн тулд асуудалд сандарч тэвдэхгүй тайван хандах нь байж болох ухаалаг алхам гэдгийг ойлгоно. Гэвч ард түмний хүсэл зориг, дургүйцлийг удаа дараа үл тоомсорлоно гэдэг бол аль хэдийн Европын Холбооны баримтлах хатуу бодлого гэлтэй болжээ.

Европын Холбооны үүсгэн байгуулагчдын нэг Жан Монетын олон нийтийн өдөр тутмын жижиг сажиг асуудлуудаас ангид орших элит бюриократуудаар удирдуулсан шинэ Европыг байгуулах төсөөлөл бүрдлээ олсон бололтой. Хоргүй хавдар гэдэг шиг хоргүй дарангуйллын хэлбэр.

 

Хоргүй дарангуйллын тогтолцоо нь бидний мэдэх дөчөөд онд Европыг бараг устгах шахсан дарангуйлал, мөн дайнаас хойш зүүн Европыг нөмөрсөн социалист үзэл санааны хортой дарангуйллуудаас хамаагүй илүү үр дүнтэй хэлбэр юм.

Дайны дараах Герман болон Европын улсуудыг найрамдлын холбоогоор зангидсан, мөн олон жил социалист лагерийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн явцгүй тогтолцоонд дампуураад байсан зүүн Европын орнуудыг чөлөөт эдийн засгийн тогтолцоо руу хөтлөн оруулсан гэдгээр нь Европын Холбооны гавьяаг энд онцлох ёстой.

Харамсалтай нь Европын Холбоо нь Марксистуудтай нэг зүйлээрээ ижил юм. Энэ нь шашингүй итгэл үнэмшлийн хэлбэр. Дагалдагчид нь улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь явсаар холбооны засаглал бүхий Европын төр болж дуусах жамтай гэж итгэж үнэмшдэг аж. Большевикуудаас харин нэг ялгаатай нь, тэд түүх өөрийн хөдлөшгүй жамаар хүрэх газраа хүрэхийг хүлээж суухгүй ба хүссэн ч эс хүссэн ч Европын ард түмэнд тэрхүү цорын ганц үр дүнг хүчилж суух нь зүйтэй гэж үздэг.

Энэ итгэл үнэмшлээ шууд хэлчихдэг гэмээр эрчүүдийн нэг нь Юүнкер юм. Эрчүүд гэснээс Холбооны удирдлагууд бүгд эрчүүд ба Коммон сенс гэгчийг үзэн яддаг, агуу идеаг тахин шүтдэг тогтолцоонд хайртай эр хүйстэнгүүд. 2005 онд Валери Жискард Дестоны боловсруулсан Европын Үндсэн Хуулийн төсөл Европын энгийн ард иргэдийн хатуу эсэргүүцэлтэй тулахад “Хэрэв "Тийм" гэдэг хариу гарах юм бол гайхалтай, харин "Үгүй" гэдэг хариу гарах юм бол бид цааш үргэлжлүүлэн алхах болно” гэж хэлж байсан юм.

 

 

Европын Үндсэн Хуулийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг санал асуулга Франц болон Голландад болсон санал асуулгуудад няцаагдсан ч, “Бид үргэлжлүүлэн хийх болно” гэсэн итгэл үнэмшил Лисабоний Гэрээнд илт тусгагдсан байлаа. Үүнийг Ангела Меркел “Үндсэн хуулийн нөгөө санаануудыг агуулсан байна. Энэ бол факт” гэж хэлж байсан.

Энэ л үеэс өнөөдөр Их Британийг Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх санал асуулгад Консерватив намын Борис Жонсон, Майкл Гов нартай мөр зэрэгцэн Vote Leave талыг манлайлан ажилласан Хөдөлмөрийн Намын гишүүн Гийзела Стюарт хожмоо Brexit гэж нэрлэгдсэн үйл явцын эхлэлийг тавих шаардлагатай гэсэн итгэл үнэмшилд баттай хүрсэн гэдэг.

Тэрээр хожим, надад Европын Холбооны институцуудыг гишүүн улсуудынх нь сонгогдсон түшээдүүдийн хяналтанд байлгах зорилго бүхий зүйл заалтуудыг хуулийн төслүүдэд боломж л гарвал оруулангуут яаж ийж байгаад тухайн заалтуудыг арилгачихдаг байсныг хэлж байлаа.

Стюарт тэгэхэд, энэ бол бидний мэдэх Барууны улс төрийн институцуудээс зорилгын хувьд эсрэг, шинэчлэлийг шаардсан ард түмний дуудлагын хариу болж хөгжихийн оронд дээрээс доошоо чиглэлтэй хүчилж шийддэг, ардчилсан ёсоор үр дүнгээ тайлагнах, хариуцлага үүрэх, хүлээх гэх ойлголтыг үзэн яддаг холбоо юм байна гэж ойлгосон байна.

Европын Холбооны хөлөөрөө дээшээ харсан дүр эсгэсэн ардчилалыг хэрэгжүүлэх гайхширмаар туршилт гэлтэй удирдамж нь ард түмнээсээ дээшээ чиглэсэн биш харин Европын Коммишноос доошоо чиглэсэн.

Энэхүү улс төрийн тогтолцоо нь Хятадын тогтолцоотой хамгийн ойр харагддаг. Ялгаа нь Европын иргэд Хятадуудыг бодвол түрэмгийлэгч засаглалыг тэвчээд суух хүсэл зоригтой хүмүүс биш бололтой. Инээдтэй нь EU бол “эзлэн түрэмгийлдэггүй эзэнт гүрэн” гэж хэлж байсан хүн бол өмнө нь Маоист байж байгаад хожим Европын Хорооны ерөнхийлөгч байсан Хосе Мануел Бароссо юм. 2007 онд энэ бүгдийг ярьж байхдаа тэрээр “Дээр үеийн эзэнт гүрнүүдээс Европын Холбоо нь юугаараа ялгаатай вэ гэхээр, дайн байлдаан хийхгүйгээр харин тусгаар байдлаасаа сайн дураараа татгалзах зарчим дээр орших юм” гэж хэлж байсан юм.

 

 

Их Британичууд бид парламентын ардчилалыг зохиосон бөгөөд энэ тогтолцооны хүчинд хэдэн зууны турш гайхамшигтай хөгжлийг амссан. Европын Холбоонд нэгдсэн ихэнх Европын орнуудыг бодвол бид Франц, Герман шиг дайнаас зугатаж эсвэл Грек, Португал, Испани шиг дарангуйлагчаас зугатаж холбоонд нэгдээгүй.

Бид эрт дээр үеэс улбаатай эрх зүйн хүчирхэг системийг бий болгосон үндэстэн. Их Британичууд Европын Дээд Шүүхээр эрх чөлөөгөө баталгаажуулах шаардлагагүй.

Их Британичуудын хийсэн сонголт бол Европчуудад өөр зам байдаг юм байна гэдгийг харууллаа. Францын нэгэн сонины бичсэнчлэн Их Британичуудын сонголт Европын Коммишнд ард түмэн оршин байгааг маш тодоор сануулсан дохио болов.

Сүүлийн жилүүдэд баруунд ардчилалд итгэх итгэл улам ихээр багасч байгааг ярих болсон. Европын Холбооноос гарах шийдэлд хүрсэн Их Британичуудын санал асуулга энэхүү яриа нь бодит аюул болсон байгааг харуулсан буй за.

Түүнээс гадна, энэхүү санал асуулга парламентын ардчилалыг, хэн, хаана, хэзээ, юу тайлагнаж ямар хариуцлага хүлээх зарчим нь тодорхой төрийн тогтолцоог дахин баталгаажуулсан үйл явдал боллоо гэж итгэж байна.

2016-06-27 09:15

het neg taliig barisan niitlel bn gehdee unshuurtai l yum
0 0

2016-06-27 10:09

nuuree nuusan ardchilal haa saigui bn
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих