БИДНИЙ ДУНДАХ ГЭГЭЭНТЭН

ТҮГСАЙ ТҮЛКҮ РИНБҮҮЧИ


Товч агуулга:

“Огторгуй лугаа адил хязгааргүй хамаг амьтан”

-Буддизм нь өөрөө бүтээгч эзэн, туйлын үнэн байдаггүй гэж үздэг. Ийм нөхцөлд хүн ёс суртахууны үнэлэмжийг хаанаас юугаар багцаалж дүгнэх вэ?

Таны хэлсэнчлэн буддизм бол бүтээгч эзэн юм уу, өөр ямар нэг зүйл энэ ертөнцийг бүтээсэн гэдэгт итгэдэггүй шашин. Шашин бүр өөр өөрийн философитой, тухайн философидоо л итгэдэг. Хэдий тийм боловч ёс суртахууны номлолын тал дээр төстэй талууд бий. Буддизм өөрөө гүн гүнзгий үндэслэлтэй. Буддын философиор “Хүн өөрийгөө бүтээнэ” гэж үздэг. Би өөрийн сайн сайхан хийгээд жаргал зовлонд бусдыг буруутгах аргагүй, алив сайн зүйлийг ч өрөөлөөс авчихлаа гэдэггүй. Хэрвээ надад сайхан зүйл тохиолдвол, би үүнийг хүртэх буянтай гэж үзнэ. Хэрвээ муу зүйл тохиолдвол үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй, учир нь үүний шалтгааныг би өөрөө бүрдүүлсэн. Орчин цагт ёс суртахуун нэн чухал, ёс суртахуун гэдэг нь сахил юм. Өөрийн бие, хэл, сэтгэлийг хянах хэрэгтэй. Сахил нь таныг болон бусдыг хамгаалдаг түүнээс өөрийгөө шийтгэж буй хэрэг огтхон ч биш. Жишээлбэл, хэрвээ би буруу зүйл яривал ганц намайг ч биш бас бусдыг хохироож байдаг. Бие, сэтгэлийн хувьд ч адилхан ингэж ойлгох хэрэгтэй.

- Өнөөдөр хүмүүс өдөр тутам Фэйсбүүк, Твиттер хоёрыг хэрэглэж байна. Эдгээр нь хүмүүсийг аз жаргалтай болоход нь нэмэр болох уу нэрмээс болох уу?

Бидний амьдралын бүх зүйл хоёр талтай. Фэйсбүүк, Твиттер хоёр бол мэдээлэл авах хэрэгсэл. Сошиал медиаг эерэг талаар нь ашиглавал мэдээллээс хоцрохгүй, шуурхай хүлээж авдаг. Хэрвээ буруугаар ашиглавал бас л хүчтэй үр нөлөөтэй. Тэгэхээр яаж ашиглахаас шалтгаална. Энэ платформ нь хүн бүр өөрийн үйл болон санаа бодлоо илэрхийлэх боломж олголоо. Түүнээс биш бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаас өөр аргагүй байсан. Тэгэхээр сошиал медиа хүн бүрт тэгш боломж олгож буй хэрэг. Энд ч бас ёс суртахуун хэрэгтэй, тиймээс хариуцлагатай ашиглах ёстой. Хариуцлагатай хандах нь ёс зүй, харин хайхрамжгүй хариуцлагагүй хандвал ёс зүй үгүй болно. Иймээс сөрөг тал ч гарна.

-Баян хүн ядуу хүн хоёрын аз жаргал ялгаатай байдаг уу? Ялгаа байдаг бол ямар ялгаа байж болох вэ?

Аз жаргал бол баяр баясгалангийн мэдрэмж учраас ялгаа байхгүй. Хувь хүн дотроосоо мэдэрдэг зүйлийг жаргал гэдэг. Тэгэхээр жаргалд баян, ядуу байх чухал биш. Зовлонгийн нөгөө тал нь жаргал. Ойлголтын хувьд ялгаатай ч хэтэрсэн хэрэгцээг зовлон гэж болно. Бид аз жаргалыг гаднаас хайдаг нь эндүүрэл.

Бид жаргалыг үргэлж гаднаас эрэн бидэрч ирсэн. Хэмжээлшгүй жаргалтай болчих гээд эд баялаг, алдар хүнд, нэр төрийн төлөө зүтгэдэг. Амжилтад хүрэх нь жаргал мөн хэдий ч жинхэнэ жаргал биш. Алдар нэр оллоо гэхэд хайрлах, бас түүндээ үл ханах хүлээс хамт үүсдэг. Тэгэхээр энэ жинхэнэ аз жаргал биш. Жишээлбэл, би маш их эд баялагтай болвол энэ амьдралд жаргалтай болно, гэвч үүрдийн жаргал биш юм. Буддын эртний сургаалд эд хөрөнгөөр илүү бол илүү зовно, хир тааруу хөрөнгөтэй бол тэр хэмжээгээрээ зовно гэдэг. Эдийн хувьд баян, ядуу байх ийм зөрүүтэй. Харин жинхэнэ баялаг бол мэдлэг юм. Хэрвээ та нинжин сэтгэл, энэрэл хайраар баян бол таны амьдрал илүү жаргалтай, утга учиртай болно. Мэдлэгээр баян бол хийж бүтээхийн үндэс. Тиймээс танд давуу тал болно. Хайр энэрэл, сайхан сэтгэл, мэдлэг,  ухаанаар баян байх л чухал шүү.

 

“Монголчууд бусад үндэстнээс илүү хувь заяатай ард түмэн”

 

-Өнөөгийн хүн төрөлхтөн маш их завгүй болсон байна. Сүмд очих, шашны номонд суух ч зав алга. Энэ нөхцөлд хүн яаж сүсэг бишрэлээ хадгалах ёстой вэ?

Орчин цагт хүн бүхэн завгүй болсон нь ойлгомжтой. Маш завгүй, ямар ч завгүй гэдэг ч зав бий. Юм юманд яарч адгасан ч үнэндээ нэг их зүйл өрнөөгүй байдаг. Урьд алхаж явдаг, морь унадаг байхдаа бид амьдралаас хоцроогүй. Одоо харин хүрэх газарт нь онцгой үйл явдал болоогүй ч бид машиндаа суугаад яарцгаадаг. Энэ бол өнөөгийн ялангуяа хотын амьдралын хэв маяг. Орчноосоо шалтгаалж сэтгэл нь л яарч байгаа хэрэг. Тиймээс бид сүсэг бишрэл, оюун санаандаа цаг гаргах нь маш чухал. Монгол шиг оронд энэ их чухал. Монгол өвөг дээдсээс нь уламжилж ирсэн буддын шашинтай, түүнээс шинэ тутам дэлгэрч байгаа юм биш. Монголчууд бусад үндэстнээс илүү хувь заяатай ард түмэн. Үүнийхээ учир шалтгааныг мэдэхгүй бол утгагүй л дээ. Өнөөгийн боловсрол мэдлэгтэй хүмүүс ч яагаад илүү их хувь заяатай ард түмэн гээд байгааг гайхаж магад. Хэрвээ та үүнийгээ ойлгохгүй бол монгол хүн болж төрөхийн их хувь заяаг үнэлэхгүй. Том очир эрдэнийг очир эрдэнэ гэж мэдэхгүй л бол энгийн чулуунаас өөрцгүйтэй л адил юм даа. Өнө эртээс уламжлагдаж ирсэн Монголын түүх, шашин соёл байгаа учраас их хувь заяатай гэж байгаа юм. Тиймээс чин сүсэгтэй байх нь бидний амьдралд чухал. Би энгийнээр юу гэх гээд байна вэ гэвэл өнөөгийн амьдралд бидэнд цаг зав маш бага, бид ажиллах ёстой, гэр бүлээ авч явах ёстой, нийгмийн хэрэгцээ шаардлага, сурч боловсрох гээд биднээс маш их цаг шаарддаг. Гэхдээ бид амьдралаа өөрөө удирдаж зохицуулах хэрэгтэй, чухам юунд цаг зарцуулахаа сонгож болно. Чин сүсэг бидний амьдралыг үлэмж тэнцвэржүүлдэг. Нөгөө талаар хичнээн ч завгүй бай, боловсролтой ч бай эсвэл баян ядуу байх нь хамаагүй, бид юу эрж хайдаг вэ? Аз жаргалыг л хайж байгаа.

Тэгвэл бид яаж аз жаргалд хүрэх вэ гэвэл жаргал бидний дотоод сэтгэлд л байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Оюунлаг, сүсэг бишрэлтэй байж амьдралаа тэнцвэржүүлэх нь таны амьдралыг илүү утга учиртай болгодог. Хэрвээ та ердөө л өөд уруугүй ажиллаж, ахуй амьдралаа гэсээр явбал та төрсөн шигээ өтлөх жамтай учир бусдаас огт дээрдэхгүй. Тэр бүү хэл адгуус амьтан хорхой шавьж ч үр төл, сүргийнхээ төлөө зүтгэдгээс ч ялгаагүй. Мэдээж бид ажлаа аль чадлаараа хийж, эрвийх дэрвийхээрээ гэр бүлээ авч явах ёстой ч сүсэг бишрэлдээ цаг зав гаргах ёстой. Өөртөө ч, өрөөлд ч буян үйлдэхийг орхиж болохгүй. Бид бүх насаараа бөгс өндийхгүй ажилласан ч эцсийн дүндээ үр шим нь хязгаартай байдаг. Бид урсгасан хөлстэйгөө харьцуулбал багахан хувийг нь л хүртдэг. Хэдий бид хөрөнгө хогшил, амраг садан, гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг ч эргээд тэдний тус дэмэнд ч ёроол бий. Аливаа бүхэн тоо хэмжээтэй учраас хүссэн зоргоор хүртэх боломжгүй. Жишээлбэл, би нэртэй эмч болъё гээд сургуульд сурч сайн эмч болоод олон хүн эдгээж, эмчлэх, эрүүл байх мэдлэг олох ч өөрөө өвдвөл би биш өөр эмч намайг эдгээнэ. Үүнтэй адил хэн ч танд хэмжээнээс хэтрүүлэн тусалж чадахгүй. Гэвч бид юугаараа хувьтай вэ гэвэл өөртөө буян хурааж, буян үйлдэх боломжтой. Энэ ба хойд насны амьдралд зөвхөн хүний өөрийн хураасан буян л хязгааргүй. Бурхан багш буян үйлдэхийг сургадаг сургадаг байсан, буян хийх тийм ч хүнд хэцүү биш.

-Хүмүүс зав зайгүй болохынхоо хирээр тайвшрал олж авахын тулд иог бясалгалаар их хичээллэж байна. Урьд нь бол бясалгал гэдгийг гэгээрэх зорилготой хийдэг гэж ойлгодог байсан. Одоо бол тайтгарах, тайвшрах зорилготой хийгээд байх шиг байна. Одоогийн бясалгал болон Бурхан багшийн үеийн бясалгал 2-т ялгаа бий юу?

Орчин цагт йог, бясалгал хийх нь ялангуяа барууны орнуудад стресс тайлах сайн арга болоод байна. Бясалгал угтаа гэгээрэлтэй холбоотой байсан. Бясалгал оюун санааг дээд түвшинд хүргэж, чадлыг нь хөгжүүлдэг. Бясалгал нь хүний сэтгэл оюуны сөрөг талыг багасгаж, хөгжүүлдэг юм. Зорилготой бясалгах гэдэг нь бие, хэл, сэтгэлээ нэг агшинд хамт барихыг хэлдэг. Бясалгал хүнд хайр энэрэл төрүүлнэ. Одоо бол хүмүүст тайвшрах сайн арга болжээ.

-Та буддын ринбүчи хүн. Жирийн сүсэгтэн болон ринбүчигийн өдөр тутмын амьдралд ялгаа бий юу?

Учиргүй ялгаа байхгүй ээ. Миний аав Монголын IX Богд гэгээний нэр хүндээр би ринбүчи хэргэм хүртсэн. Ринбүчи гэдэг нь төвдөөр “Онцгой хувь зохиолтой” гэдэг утгатай. Хүн бүхэн “онцгой хувь зохиолтой” яагаад гэвэл бид эрдэнэт хүний заяа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн “онцгой хувь зохиолтой”. Эр, эм эсвэл лам, энгийн хүн байна уу ялгаагүй. Адгуус амьтны амьдралтай харьцуулбал бидэнд хүний бие, ухаан заяасан учир маш их боломж бий. Тиймээс бид бүгдээрээ адилхан “онцгой хувь зохиолтой” юм. Бид өөр өөрийн буянг өөрсдөө л хураана.

-Буддын сургаалийг сонсоод байхад хамаг амьтны тусын тулд гэж ярьдаг боловч эцсийн зорилго нь өөртөө чиглэсэн юм шиг. Ингэж ойлгож болох уу? Үүнийг яаж ойлгох ёстой юм бэ?

Буддын сургаалд гурван түвшин бий. Дунд болон дээд түвшинд оюун ухаан өөр өөр судлагдахуунтай. Эхлээд та өөрийгөө таних ёстой. Таны туршлага, таны мэдлэг танд л нээлттэй, далд биш зүйл. Харин бусдын туршлага, мэдлэг, мэдрэмж таны хувьд хаалттай. Таны жаргах хүсэл юм уу зовлон зөвхөн таных. Харин та өөрийгөө таньсан хойноо бусдын тусын тулд өөрийгөө хөгжүүлнэ. Өөрөөр тайлбарлаад үзье. Хэрвээ та зөвхөн өөрийнхөө төлөө бясалгавал ахиц гарахгүй. Зовлон шаналал, асуудал нэмэхээс цаашгүй. Таны эго улам томорч хувиа хичээгч л болно. Оюун ухаан маш хүчтэй. Хэрэв би гагц өөрийгөө бодвол яаж ч хичээгээд үр шимгүй. Бүр гүн хямралд орно. Хамаг амьтны тусын тулд бодож гэмээн сая оюун ухааны энтэй дүйнэ. Өдөр тутмын амьдралд бидний ухаан хүмүүсийг гурав хувааж үздэг. Дотны хүмүүс, дургүй хүмүүс, үлдсэн 99 хувь нь өөрт хамаагүй хүмүүс. Ингээд амьдралын сайн сайхан миний дотны хүмүүсээс, зовлон шаналал миний дургүй хүмүүсээс үүсдэг гэж иттгэдэг. Бүр нарийвчилбал, дотно хайртай хүмүүс гэвэл бүр бага тоо гарна. Тэгэхээр таны амьдрал энэ хүрээнд л өрнөдөг гэсэн үг. Хэрвээ хамаг амьтны тусын тулд бодож чадвал таны бусдыг ялгаварладаг үзэл устгана. Буддизмд “Огторгуй лугаа адил хязгааргүй хамаг амьтан” гэдэг бөгөөд тэдний тусын тулд бодож чадвал таны оюун ухаан тэр хирээр тэлж хүчтэй болдог. Хэрвээ та зөвхөн өөрийгөө бодвол таны оюун ухаан хаалттай болно. Жишээ нь, эцэг эх бол бидний хайрлаж хүндэлдэг бурхантай дүйнэ. Энэ амьдралд миний хайрладаг, намайг бас хүндэлдэг хүмүүс бий. Харин хамаг амьтныг ялгалгүй сэтгэлдээ тэгш барьж чадвал хамаг амьтан эргээд танд энэрэнгүй хандах шалтгаан үүснэ. Зөв логик. Бурханы шашинтан “Ертөнц хязгаар үгүй. Би ертөнцийн төв” гэдэг. Энэ бол надаас гарсан бүхэн эргээд надад ирнэ гэсэн үг. Бид олон хүн амьтанд тусалж чадах ч бүгд өөрийн үйлийн үртэй. Гэвч хамаг амьтны төлөө сайн сайхныг хүсэх нь чухал, эргээд танд туйлын хүчтэй нөлөөтэй.

 

“Буддизмд Огторгуй лугаа адил хязгааргүй хамаг амьтан гэдэг бөгөөд тэдний тусын тулд бодож чадвал таны оюун ухаан тэр хирээр тэлж хүчтэй болдог”

-Ямар нэг шүтлэгтэй хүн  болон огт шүтлэггүй хүн 2-ын зовлонд ямар ялгаа байдаг юм болоо?

Оюун санаагаараа ялгаатай. Шаналахын хувьд адилхан л өвдөж зовно. Хэрэв хүн миний хурууг тасдлаа гэхэд сүсэгтэй, сүсэггүй хүний өвдөлт адилхан. Гэхдээ нөхцөл байдлыг өөр түвшинд хүлээж авна. Сүсэгтэй хүн учирсан хэцүү зүйлээс сайныг нь олж харах чадвартай байдаг. Энгийн хүмүүс нөхцөл байдал тийм муу биш байлаа ч хүндээр хүлээн авч сэтгэлээ улам зовоодог. Сүсэгтэй хүн өөрт гай болсон хүнд ч сайныг санаж, өршөөнгүй ханддаг.

-Та байнга аялаж явдаг хүн бололтой.Та хаана хамгийн тухтай өөрийнхөөрөө байж чаддаг вэ?

Би сүүлийн 7 жил Монголд амьдарч байна. Урьд нь би багштайгаа хангалттай аялсан. Хэдий амарч зугаалаагүй ч гадаадын олон орон, ард түмэн, соёл, үндэстнүүдийн хоол гэх мэт зүйлсийг үзэх, амсах боломж олдсон. Бид Зүүн Азийн ихэнх орноор тухайлбал Сингапур, Малайз, Филиппин, Индонейз, Хонконг, Тайвань, Хятад зэрэг орноор аялсан. Барууны орнуудаас Австралид олон жил амьдарсан. Үзэсгэлэнтэй, нийгмийн байгууламж сайтай сайхан газар. Бас Канад, Оросыг үзсэн. Мэдээж Энэтхэг, Непалд амьдарч байсан. Би Төвдөд 1958 онд төрсөн, гэхдээ нялх байхдаа 1959 онд Энэтхэг рүү дүрвэж гараад тэнд өсч том болсон. Энэтхэг их тухтай санагддаг, сүсэг бишрэл ихтэй газар, хүмүүс нь  бодит ахуйгаа хүлээн зөвшөөрч түүндээ амьдардаг. Ихэнх хүмүүсийн амьдрал хэцүү ч сайхан сэтгэлтэй, соёл нь амьд. Лам нарын хувьд Энэтхэг бол “Аугаа багш нарын нутаг”. Бурхан багш Энэтхэгт төрж бурханы шашин тэнд үүссэн. Төвд, Монголчуудын хувьд Энэтхэг бидний шашны өлгий нутаг. Бид нарыг Энэтхэгт амьдарч байхад Монголоос хүмүүс их ирдэг байсан болохоор монгол, төвдүүд түүх соёл болон ахуйн хувьд төстэй тал олныг харсан. Цагийн эрхээр монгол хүмүүстэйгээ илүү ойр болж байгаа ба хэдийгээр онцгой том зүйл би хийгээгүй ч чадах чинээгээрээ олон хүнд туслахыг хүсдэг. Өдөр тутам хүмүүс над дээр орж гарч ажил үйлсээ даатгана, талийгаачийнхаа араас ерөөл тавиулна, бас тэр хүмүүст амьдралын тухай ярьж, тайлбарладаг. Монголын IX Богд гэгээний хүү болж төрсний хувьд монголчууддаа бага ч гэсэн нэмэр болох үүргээ гүйцэтгэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Уялдаа холбоо нь эндээ байгаа юм. Тиймээс Монголд тухтай өөрийнхөөрөө байдаг. Мэдээж төвд хүний хувьд хаана ч явсан сэтгэл зүрхээрээ уяатай байдаг ч харамсалтай нь бид нутагтаа амьдарч чадахгүй байна. Хэдийгээр энэ дэлхий дээрх хамгийн хайртай газар минь ч өнөөгийн коммунист Хятадын засгийн газрын бодлогын дарангуйлалд бид таатай биш. Тэд Төвдийн байгаль орчин хүн амыг сөнөөж, бутаргаж байна. Би нутагтаа амьдарч чадахгүй байгаа ч төвд хүн гэдгээрээ бахархдаг эх орондоо маш хайртай. Төвд, монголчуудын түүх соёлын хувьд ч ах дүүс мэт. Ахуй амьдралын хэв маяг, хоол, хувцас бүр оюун бодлын хувьд ч ихээхэн төстэй.

-Сүүлийн асуулт. Амьдралд яаж ч хичээгээд болдоггүй бүтдэггүй зүйл гэж байдаг. Энэ үед та юу бодож залбирдаг вэ?

Та өөрөө нээлттэй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг хүсч мөрөөдөж хийхдээ гарах үр дүнг  нь түрүүлж бодолгүй бүхнээ дайчлан хийж үзэх хэрэгтэй. Хэрэв бүтвэл та үүний төлөө зүтгэсэн учир сэтгэл хангалуун байна. Хэрэв бүтэхгүй бол бүү харамс. Чадах чинээгээрээ л хичээсэн юм чинь. Тиймээс цааш явж сур. Ер нь амьдрал ийм л байдаг. Зарим хүн яах аргагүй азтай байдаг. Зарим нь хичнээн боловсролтой, чадвартай байлаа ч ажлаа бүтээж чадахгүй байхад өндөр боловсрол, чадваргүй хүн түүнийг нь бүтээчих жишээний. Аз бол хүний буян юм. Заримдаа аз гийсэн үед хүсэл хурдан биелдэг. Амьдрал дээр тохиолддог л зүйл. Тиймээс үр дүнг нь түрүүлж бодох хэрэггүй. Өөрөө чадах бүхнээ л хий. Хүн өөрөө амьдралд өөдрөг, эерэг байх нь чухал. Нэг хаалга хаагдахад өөр мянган хаалга нээгддэг. Тэгэхээр  шантралгүй урагшаа явах л хэрэгтэй. Хүний амьдралын мөчлөг янз бүр байдаг, бага нас, өсвөр үе, нас бие гүйцэх гээд. Гол нь сайн сайхан зүйл бүтээхийг хүсэх аваас танд болоод эргэн тойронд чинь үлэмж шимтэй.

Tүгсай Түлкү Ринбүчи нь авъяас билэгт Буддын шашны лам бөгөөд бидний Халх Жавзандамба IX Богд Гэгээний ууган хүү юм. Одоо тэрээр Гандантэгчэнлин хийдэд амьдарч Монголын Буддын шашинд хувь нэмрээ оруулсаар байна.

 

 

 

 

2017-08-09 14:27

saihan yariltslaga bnaa setgel ih saihn bolloo
2 0

Www
2017-08-09 16:29

Yostoi l tiimdee shn uhaaral hairlsan shn yriltsga nn
2 0

тэнгэд
2017-08-09 17:40

хэрэв бид өөрсдийгөа мэдэхгүй гэвэл боловсролтой.боловсролгүй гэдэг мөнгөтэй мөнгөгүйг.тайлбарлах лам ринбүүчи гэдгийг тайлбарлавал.хүнд.дөхнө харин бусад шашинг үгүйсгэсэн үнэнд гүйцэгдэнэ христ шүтсэн улсууд өндөр хөгжиж чадаж байна
2 1

2017-08-09 18:09

Христэд манай өсвөр үе хэтэрхий орж байна. төр хяналтандаа авах ёстой
2 1

Зочин
2017-08-09 18:38

Хүн чанартай амьдрал, ухаантай амьдрал Монголд л байсан. Их хөгжсөн улс байгаль дэлхийгээ их сөнөөсөн бас их олон хүн устгасан хүмүүс л байдаг.
5 0

2017-08-09 20:48

Гурван цагын гэгээн бурхад Номын далаи хуваргын чуулганд Арван зүгиин хумхын тоогоор Биен хувилган бишрэн мөргөмүү
3 2

2017-08-09 20:49

Uhaaral hairlasan saihan yariltslaga baina. Bayarlalaa.
2 1

Zaya
2017-08-09 21:10

Vneheer saikhan hvn bsan shvv nodlin 5 sard eejiigee aldaad ene erhem hvnees eejiinhee hoidiig daatgah hubi tohioson ih uhaaral hairlaj bsan shvv ih hubi Zaya gej bodoj bsan
1 0

2017-08-10 01:47

Lam hun huuhed gargaj boldog yum uu
0 0

2017-08-10 01:47

Lam hun huuhed gargaj boldog yum uu
1 2

Tsu tsu tsu
2017-08-10 13:00

1 rt lam gj eregtei huniig heldeg uym mal aa 2 rt hudlaa tsetserheed blgui namtariig ni unshij yagaad huuhedtei bolsniig ni olj med erguu mini
2 2

Зочин
2017-08-10 15:02

Бас нэг муур багш. Тэд ирэхдээ библитэй бид газартай байсан. Одоо бид библитэй иэд газартай болсон гэдэг шиг л бодлого байгаа шүү.
0 0

Зочин
2017-08-10 15:02

Бас нэг муур багш. Тэд ирэхдээ библитэй бид газартай байсан. Одоо бид библитэй иэд газартай болсон гэдэг шиг л бодлого байгаа шүү.
1 0

zochin
2017-08-12 16:45

ene hvn haana bdg yum boloo ochij adis awmar bn
0 0

Erguu umbuud
2017-08-13 00:02

End bibli ogthon ch yarigdsangui. Chi naad ugee ter biblitenguuded ochij muur. Yostoi samar ideed ch nergui umbuu bna daa.
0 0

Зочин
2017-08-13 21:59

Яг үнэндээ бүх шашин, шүтлэг хүний сайн сайханы төлөө гэдэг боловч цаана хумсаа нуусан муур шиг итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг ашиглан оюун санааны боолчилол, санхүү төлбөрийн том бодлого байдаг. Янз бүрийн сэтэртэй баачканууд үнэндээ хог л байдаг.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих