Хайрцаглаж харахын гай

Шийдвэр гаргах шийдтэй хэмжүүр чинь юу вэ?


Товч агуулга:

  • Хязгаар
  • Харьцуулалт
  • Хэмжүүр

Мэдээллийн давтамж бус учир шалтгаан шийдвэр гаргахад чухал нөлөөтэй.

Хайрцагнаас гарч сэтгэх тухай буюу аливаа зүйлийн талаарх хэвшмэл, ужигарсан ойлголтоо эвдэж, өөрөөр сэтгэхийг хэн нэгэн сануулсан уу?

Чамайг дотроосоо гаргахыг хүсэхгүй байгаа тэрхүү хайрцаг, хэмжээ хэлбэрийн хувьд янз бүр байж болох ч “Наадахыг чинь ингэдэггүй юм” “Угаасаа үүнээс өөр сайн сонголт байхгүй”, “Ер нь л тэгдэг биз дээ” гэх мэт тодорхой хил хязгаар, хэм хэмжээний ирмэгт сэтгэлгээний цар хүрээгээ царцаачихдаг байдал бидний дунд түгээмэл. Энэ нь бусад боломжийг бүрэн халхлах агуу увдистай тул ХАЙРЦАГЛАЖ ХАРАХЫН ГАЙ бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг дэлгэрүүлэн тайлбарлая.

 
Хязгаар

Бид аливаа шийдвэрийг гаргахдаа асуудлыг ямар нэгэн хязгаарт оруулан харах нь элбэг.

Жишээ: Дорж өнөө орой үзэхээр төлөвлөсөн, шүтэн биширдэг хамтлагийнхаа 30.000 төгрөгийн үнэтэй тоглолтын тасалбарыг дэвтрийнхээ завсар хавчуулж яваад хаячихлаа гэж бодъё. Тоглолтын тасалбар борлуулагдаж дуусаагүй байгаа тул дахин худалдаж авах эсвэл, дотны найзынхаа үзэхийг санал болгосон дуурийн тасалбарыг мөн л 30.000  төгрөгөөр худалдан авч оройг зугаатай өнгөрүүлэх хоёр сонголтын өмнө  ирлээ. Гурван хүн тутмын хоёр нь 2 дахь сонголт буюу дуурийн тасалбар худалдан авахыг хүсдэгтэй адил Дорж ч мөн тийм сонголт хийж.

Учир нь шүтдэг хамтлагийнхаа тасалбарыг хаян байж хоёр удаа худалдан авах буюу 60 мянган төгрөг төлж, бусдаас хоёр дахин их үнээр үзэхийг хэн ч хүсдэггүй буюу нэг зүйлийн төлөө олон удаа төлөлт хийхэд бэлэн биш байдаг байна. Гэтэл эцсийн дүндээ дуртай, дургүйгээ мэддэггүй дуурь сонсож, шүтдэг хамтлагийнхаа тоглолтоос тэр татгалзлаа.

Нэг тасалбарт 30.000-аас илүү төлбөр төлөх ёсгүй гэсэн хязгаарыг энэ тохиолдолд тавьсан нь нэг талаар түүний хувьд алдаа болж байна.

 
Харьцуулалт

Шийдвэр гаргахдаа аливаа нэг зүйлийг бусадтай харьцуулах байдлаар дүгнэлт хийдэг.

Жишээ: Америкчуудыг үхэлд хүргэж буй гол шалтгааныг олон нийт хэрхэн үнэлж дүгнэдгийг тодруулах зорилготой нэгэн судалгаа хийгджээ. Судалгаанд оролцогсдод харьцуулсан хоёр шалтгаан тус бүрийг санал болгосон ба эхний асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь авто ослоор америкчуудын дийлэнх нь нас бардаг, 43 хувь нь уушгины хорт хавдраар үхдэг гэсэн сонголтыг хийсэн. Харин өөр нэгэн бүлэг үхлийн шалтгааны 77 хувь нь гал түймэр,  23 хувь нь сүрьеэ гэж дүгнэсэн байна. Харамсалтай нь бодит байдал дээр 1000 хүн тутмын 140 нь уушгины хорт хавдраар хорвоог орхидог бол гал түймрээс болж 7, авто ослоор 46 хүн тус тус нас бардаг байж.

Бодит байдал болон хүмүүсийн үзэл бодлын хооронд асар их зөрөө гарч байгаагийн гол шалтгаан нь тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн авсан мэдээллийн тоо хэмжээ юм. Учир нь уушгины сүрьеэгээр нас барсан хүний тухай мэдээ жилд гуравхан удаа цацагдсан байхад авто ослын мэдээ 127 удаа гарсан байх жишээтэй. Эндээс хийж болох дүгнэлт нь хүн хүлээж авсан мэдээлэлдээ үндэслэн аливаа зүйлийг харьцуулж зөв, буруу гэсэн хоёр туйл руу огцом хэлбэлзүүлэх аюултай. Таны хүлээж авсан мэдээллийн давтамж бус учир шалтгаан нь шийдвэр гаргахад зөв нөлөө үзүүлэх учиртай.

 

Хэмжүүр

Шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц хэмжүүрийг чухалчилдаг.

Жишээ: Их дэлгүүрт 100.000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг авахаар зогсож байтал нэг найз чинь тааралдаад яг ийм цаг хорооллын дэлгүүрт 30.000 төгрөгөөр хямд худалдаалагдаж байгааг сануулна. Дийлэнх олонх нь энэ тохиолдолд 30.000 төгрөг хэмнэхээр хороолол руу явна.

Харин 800.000  төгрөгийн үнэтэй зургийн аппарат авах гээд зогсож байхад  найз чинь ирээд хороололд 30.000 төгрөгөөр хямд байгааг сануулахад тийш зүглэх нь юу бол. Гэхдээ зарим нь явдаг.

Хэдий хоёр гуравдугаар ангийн хүүхэд бодоод олчихоор ойлгомжтой гаргалгаа ч 30.000 төгрөгийн хэмнэлт гэдэг ойлголт хүн бүрт өөрөөр тусдаг. Харамч хүн хоёр дахин ихийг төлдөг гэж бид хошигнодог. Хэмжүүрийг хэзээ юунд, хэрхэн тавихаа бодох л асуудал.

Дээр дурьдсан аар саар мэт боловч амжилтын замд чинь тээг болох шийдвэр гаргалтын алдаануудыг Хайрцаглаж харахын гайд автан дахин дахин гаргаад байхааргүй сэрэмж болгоомж суусан гэж найдъя!

2015-12-08 10:00

ter medeelel bol yag unen shu hudlaa unen yum sonschood teriigee suuri medleg bolgoj yaridag humuus olon bolson
2 0

zochin
2015-12-08 13:35

bayarlalaa
0 0

2015-12-08 16:16

hevlel medeelel ch bas yamar medeelel tugeehee bodoj bh heregtei shde
0 0

ehniih
2015-12-08 20:40

ehniihiig bi bain bain gargadag yum bn kk
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих