Ажлаа сайн хийхэд шахалт, шагналын аль нь чухал вэ?

Шахдаг, шагнадаг дарга нарын ялгаа


Товч агуулга:

Саяхны нэг хурал дээр “Намайг сайн шахаад өгөөрэй” гэх яриа, шинээр эхэлж буй төслийн ажилд гол үүрэг гүйцэтгэх нэгний амнаас гарав. Гэтэл би түүний хүсээд байгаа шиг шахалт үзүүлдэг дарга биш бол яах вэ?

 

Монголдоо томд тооцогдох нэгэн компанийн бизнес хөгжлийн газрын 2 ажилтан захирлынхаа талаар ингэж ярив.

 

АЖИЛТАН 1

 “Манай захирал ер нь юу хийдэг юм. Бүү мэд. Өглөө ирээд сонин уншдаг. Өдрийн талд хуралд суудаг. Миний үхтэлээ ажиллаж байгааг тэр хүн мэддэг ч юм уу үгүй ч юм уу. Заримдаа боож үхмээр. Таван хоног сууж хийсэн материалыг маань тавхан минут ярилцдаг. Цайны цагаараа дэмий тэнэж байгаад ажил тарахын үеэр ирэхэд анзаардаг ч үгүй. Ёстой бүтэхгүй. ”

 

АЖИЛТАН 2

“Манай захирал ёстой амар. Ажилд хутгалдаж, авгай шиг яншаад байдаггүй. Өмнө нь би тийм захиралтай байсан.  Чи яг одоо юу хийж байна, наад ажлаа хийж дуусгаад дараа нь юу хийх вэ гэж байнга  асуудаг. Ширээнийхээ ард олон цагаар чухал царайлаад сууж байвал би түүний хувьд OK. Үнэн ядаргаатай. Одоо энэ захиралтайгаа жил гаруй ажиллаж байна. Гар нийлээд сурчихлаа. Түүний юу хүсдэгийг нь би ойлгодог. Бид төлөвлөсөн ажлаа биелүүлэхийн тулд хэзээ, хаана, юу хийхээ өөрсдөө мэддэг. Туршлагатай бөгөөд сайн ажилтнууд бол өөрсдөө ажлаа мэдээд, шинэ санал санаачлагаа зөвлөөд, ажил болгоод явах нь хамгийн зөв арга гэж би боддог .

 

Захирлыгаа энэ мэтчилэн харах өөр өөр өнцөгийг тайлбарлах онолын гаргалгаа нь “Удирдагчийн үүрэг-харилцааны загвар” юм. Өөрөөр хэлбэл удирдагчийн зан үйл дээр суурилан гаргасан уг загвар ажилтнаа өдөр тутмын ажлаар нь шахаж үр дүнд хүргэх үү, аль эсвэл үр дүнд хүрэх эрч хүч, урам зориг өгөхөд  илүүтэй анхаарах уу гэсэн үндсэн 2 салаа замаар явдаг. Шахдаг, шагнадаг гэж монголчилж болох 2 даргын ялгаа юун дээр гардагийг харцгаая.

 

ШАХДАГ ДАРГА

 

Хүрэх өндөрлөг, гарах үр дүнгээ яс тас тооцож, төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд алхам алхмаар урагшилж, цаг минут бүрийн үнэ цэнийг алдахгүйг хичээж, ажилч, хичээнгүй, шаргуу байдлыг ажилтнуудаасаа шаардаж бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, санхүүгийн үзүүлэлт зэргийг нягт нямбай шалгадаг нэгэн. Түүний хувьд ажлын хажуугаар ар гэрт тань асуудал гарах, ажлынхаа төлөө цайны цагаа хэтрүүлэн таньдаг нэгэнтэйгээ уулзах зэрэг чинь тийм ч таатай зүйл биш. Цагийн юм цагтаа. Байх ёстой юм байрандаа. Шахдаг дарга нарын хэв маяг, нэг ижил үйлдлийг олонтоо давтдаг үйлдвэрлэлийн салбар,  хууль, санхүүгийн байгууллага зэрэгт илүү тохирдог. Сул талын тухайд хүн бүрийн хийх ажил тодорхой учраас, ажилтнуудын хувьд давуулан биелүүлэх сонирхол бага, шинэ санал санаачлага гаргахаасаа илүү угаасаа л ингэдэг гэдэг хэвшмэл сэтгэлгээнд автдаг.

 

ШАГНАДАГ ДАРГА

Шагнадаг даргын тухайд хүнээ хөгжүүлж, тэднийг эрч хүч, урам зориг дүүрэн байлгаж байж илүү амжилтад хүрнэ гэж үздэг. Тэд дотоод уур амьсгал, багийн ажиллагаа зэрэгт чухал ач холбогдол өгдөг.  Шагнадаг дарга нарын хэв маяг бол ажилтан бүрийнхээ жаргал зовлонг чихээр сонсож, ажлаа сайн хийхэд ямар хүчин зүйл чухал болохыг тодорхойлохыг хичээдэг. Шагнадаг даргын хэв маяг, бүтээлч, шинэ санал санаачлага хэрэгжүүлэх шаардлагатай, өрсөлдөөн өндөртэй салбаруудад ажиллагаа өндөртэй байдаг. Жишээ нь, дизайнерууд цагт 5 зураас зурахыг номлодог бус тасархай загвар гаргах эрх чөлөө олгодог даргад дуртай. Ажилтнууд асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэж, эрсдэл, хүндрэл тохиолдоход дарга руу буруугаа чихэх биш тохиолдсон бэрхшээлийг хамтдаа үүрээд гарах давуу талтай. Учир нь тэд даргыгаа юуны төлөө шаналж, ямар эрсдэл үүрч байгааг нь сайн ойлгодог. Шагнадаг даргын сул тал нь ажилтнаа хайрлах ухаан нь хэрээс хэтэрвэл, төлөвлөгөөт ажлууд назгай, зохион байгуулалт сул болдог талтай.

 

Дарга чинь ямар хэв маягаар удирдаж байна? Түүнд нь л тохироод ажиллачих. Таалагдахгүй бол өөр хэв маягаар удирддагийг бас хайж болно.

Дарга нарын тухайд ажилтнуудынхаа нүдэнд бурхан, бугийн аль нь болж харагдахаа урьдчилан сайн төлөвлөж, өөрийн сонгосон хэв маягаа салбартаа нийцэх эсэхийг сайн тооцоолж, уншиж, судалж, харилцаагаа урт хугацаанд тогтвортой барих нь чухал. Өөрөө шагнадаг нь байгаад өөр нэгнээр шахуулдаг байж болно.

Ажил хэрхэн урагшлах нь ажилтан, захирал хоёрын харилцаа хэрхэн явагдахаас ихээхэн хамаарна. Амжилт хүсье! Аль аль талын найрсаг хамтын ажиллагаанд...

2016-07-04 14:50

oo manai zahirl nam shahaachin suuldee bur utsaar yarihgui udhaarr ni sandag ged bod
0 0

2016-07-04 15:08

useful tnx
0 0

2016-07-04 19:59

shahalt shagnal 2n tung ni taaruulj bh heregtei. bas ajiltniihaa ontslogiig medch haritsdag bh yostoi
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих