Илүүчлэх юм бидэнд өчнөөн бий

Инээмсэглэсний хариуд инээмсэглэ


Товч агуулга:

  • Дүүрэн байна гэвэл бялхаад л байдаг. Сайхан байна гэвэл гэрэлтээд л байдаг хүний амьдрал

Үнэгүй юм гэж үгүй болсон талаар хүмүүс ярилцаад нэгэнт дуусчихаж. Тиймээс хөдөлвөл хөлс, зогсвол зоос гэсэн үг гаргаад амжиж. Юм бүхэн үнэтэй болж буй юм бол үнэгүй бүхэн үнэ цэнэтэй болох учир гэж бас бий. Хүмүүс бидэн үнэ мөнгөтэй бүхнийг бодож шогшсоор үнэ цэнэтэй зүйлсээ үнэгүйдүүлэх нь их.  Уг нь  эсрэгээрээ үнэгүй бүхэн үнэ цэнэтэй.  Учир нь түүнийг үнээр хэмжих аргагүй.

Инээмсэглэл, итгэл, мөрөөдөл, урам зориг, тус дэм, хайр гээд юугаар ч хэмжээлшгүй үнэ цэнэтэй зүйлс олон бий. Бурхан бидэнд ийм л үнэ цэнэтэй зүйлсийг үнэгүй илгээсэн байх нь. Яагаад энэхүү үнэ цэнэтэй зүйлс бидэнд үнэгүй заяагдсан юм бэ?

Бие биедээ илгээх гэж, түгээх гэж л тэр шүү дээ. Хүмүүс бид хааяа ч гэсэн өөрөөсөө юуг илүү гаргаж бусдад өгч чадах вэ гэж боддог байвал зүгээр.

Илүүчлэх зүйлс бидэнд өчнөөн бий. Дүүрэн байна гээд бодвол бялхаад л байдаг. Сайхан байна гэж харвал гэрэлтээд л байдаг хүний амьдрал. Хайрлаж байж л хайрыг хүртэнэ.

Итгэж байж итгэлийг эргүүлэн олно. Бид хайрлуулах гэж хэтэрхий их хичээдгээс биш хайрлахын төлөө бага боддог.

Хүний хувь заяа тэгш бас төгс бус. Гэхдээ дутуугаа хайраар нөхөх, дундуураа сэтгэлээр дүүргэх агуу гайхамшиг бидний дотор оршиж байна.

Тиймээс өөртөө заяагдсан үнэгүй хэрнээ хамгийн үнэ цэнэтэй бүхнээ бусдад илүүчил, түгээ. Тэглээ гээд дутахгүй дундрахгүй. Учир нь илүүчлэх зүйлс бидэнд өчнөөн бий.

Хорвоог тольдож буй хоёр нүдээрээ сайхан бүхнийг хар бас инээмсэглэ. Хүн болж төрсөн заяандаа баярлаж хүрэн зүрхээ баяр хөөрөөр бялхуул түүнийгээ бусадтай хуваалц. Хоёр зуун жил наслах биш сайхан бүхнийг бие биеэсээ бүү харамла. Хүсч мөрөөдөж, хязгааргүй тэмүүлж, хичээж зүтгэж хувь заяагаа баясга.

Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэж зүгээр ч нэг шүлэглээгүй бизээ. Алтан аяганаас амсах гэж уруул, ам бидэнд заяагаагүй. Инээмсэглэ, бусдыг магт. Ингэлээ гээд юу ч биднээс хорохгүй, хайрласны хариуд хайр ирнэ. Инээмсэглэсний хариуд инээмсэглэл ирнэ. Эхлээд хэцүү байж мэднэ, сураагүй байж болно. Зүгээр л сэтгэлээ чөлөөл. Чамд илүүчлэх хайр өчнөөн бий...

2016-01-04 13:19

nice...
0 0

2016-01-04 14:22

bur neg ineeheer uuruus ni yum unah gesen yarailttai humuusiig harhaar neeree heleh ug olddoggui yum
0 0

2016-01-04 19:09

haramladag uls haa saigui bn daa
0 0

profiled
2016-01-05 20:42

iim saihan gegeeleg zuil bichdegt urgelj talarhaj yavdag shu bayarlalaa
0 0

2016-01-05 20:45

eruul l bval buh yum bolno doo
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих