Хүүхэд таны тусгал

Хүүхдээ хүмүүжүүлнэ гэж байдаггүй, харин өөрийгөө л хүмүүжүүл


Товч агуулга:

Ээж аавдаа зориулах цаг, хайрлаж халамжлах сэтгэл дутах болгондоо эргээд энэ надад тохиолдоно шүү гэж бодож нэг үзээрэй.

Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөсөн ном, сургаал олон байдаг ч ягштал мөрдөж, яг түүн шиг төгс хүн болгосон түүх үгүй. Харин та өөрөө ямар ч шинжлэх ухааны нээлт, эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн бүтээлээс илүүтэй хүүхдэдээ нөлөөлж байдаг. “Хүүхдээ хүмүүжүүлнэ гэж байдаггүй, харин өөрийгөө л хүмүүжүүл” гэсэн үг бий.

Аав ээжтэйгээ хэрхэн харьцахыг харж өссөн алаг үрс чинь эргээд танд яг л тэгж ханддаг. “Аав шигээ хэнэггүй гэдэг нь...”, “инээж байгаа нь яг ээж шүү” гэж хүүхдээ гайхаж байсан удаа танд байгаа л байх.

Хүүхэд өсөх тусмаа хүмүүжүүлэх гэж хэцүү юм хэмээн үглэх үедээ, би ээж аавдаа яаж хандаж байлаа гээд эргээд нэг бодоод үзээрэй. Омголон давилуун, эрх дураараа загнаж, өөрийнхөө толгойг мэдэх болсон гэж чээжээ дэлдэж байсан тэр л насандаа эцэг эхийнхээ үгийг хүлээн зөвшөөрч дагаж явсан маань хэд бол.

Нэгэн жишээ

Хүүхэд байхад найз охины маань эмээ хэвтрийн асаргаанд олон жил шаналж байлаа. Тэр үед ээж нь /эмээгийн төрсөн охин/ үргэлж тээршаан загнаж, “өтгөн, шингэн нь дийлдэхгүй” гэсэн шалтгаанаар хоол ундыг нь хорьж, орных нь цагаан хэрэглэлийг солихдоо хүртэл унагачих шахан түрэмгий ханддаг байсныг, орж гарсан хүн болгон жигшин ярилцдаг байв. Гэтэл өнөөдөр тэр эмэгтэй өөрөө гурван ч удаа тархинд нь тал цус харвасан оноштой хүүхдүүдийнхээ гэрээр ээлжлэн асруулж яваа. Найзалдаг байсан охин маань надад, “Ээж хэвтсээр байгаад муухай үнэртэй болчихсон, хүрэх болгондоо гараа угаасаар байтал бүүр хуурайшчихлаа” гэж “зовлонгоо” ярьж суусан юм.

Эцэг эх нь эмээг нь хэрхэн төвөгшөөхийг харж өссөн охин өнөөдөр тэр л хүмүүжлээр өөрт нь хандаж байна. Түүний буруу гэж үү.

Бас нэгэн жишээ

Өөр нэг найз  маань ээжээсээ маш их айдаг байлаа. Гэхдээ тэр аав ээждээ хатуухан үгээр загнуулж ч үзээгүй. Тоглоё гэж дуудах бүрт “ээжийг ирэхээс өмнө хоолоо хийнэ, ирэхээр нь хөлийг нь угааж тос түрхэж өгчихөөд гарна, аавын цамцыг индүүднэ” гэх мэт тоглохгүй шалтгаан ихтэй. Харин өнөөдөр түүний сургуульд ороо ч үгүй бяцхан охин нь ажлаас нь ирэхэд алжаал тайлах давстай бүлээн ус бэлдэж авчраад “хөлөө дүлээлэй” гээд өмнө нь тавьдаг гэсэн. Найз бүсгүй маань одоо ч ээжтэйгээ хамт амьдардаг. Хаана ямар ахмадын амралт сувилал байна, настай хүнд зориулсан юу байна бүгдийг л сонирхож судалсан, түүндээ ээжийгээ хамруулах гэсэн л хүн явдаг юм.

Ээжийгээ хайрлах сэтгэл нь эргээд үр хүүхдээ ачлалт хүн болгож хүмүүжүүлэх шууд тусгал болсныг анзаараагүй л яваа байх.

Өөр нэгэн жишээ

Хамт ажилладаг эгч маань хүүхдүүдээ гадаадад өндөр боловсрол эзэмшүүлэхийн төлөө өөрийгөө умартан зүтгэсэн нэгэн. Үнэхээр ч хоёр хүүхэд нь ихийг сурч, харийн газарт хэнээс ч дутахгүй амьдарч явна. Харин эгч гэртээ ганцаараа. Сар болгон явуулах мөнгийг ач зээдээ зориулан нээлгэсэн хадгаламжиндаа хийдэг. “Би 16 настай байхдаа л аавыгаа ганцааранг нь нутагтаа орхиод хот руу ирсэн. Сургуульд сурч, ажил хийж, сайн ханьтай болж сайхан амьдарснаа аавыгаа зовоогоогүй сайн охин гэж үнэлдэг байлаа. Гэтэл өнөөдөр би үр хүүхдээ санан бэтгэрч, ганцаардах болгондоо аав минь амьдралынхаа сүүлийн жилүүдийг яаж тарчилж өнгөрөөснийг яс махаараа мэдэрдэг” гэж ярихыг нь сонслоо.

Хотоос явуулсан гялгар цаастай чихэр жимс аавд нь охиныхоо магнайг үнэрлэхийн дайтай хань болж чадаагүй шиг, эгчид хариас явуулдаг хэдэн доллар хүүхдүүдээ эрхлүүлж энхрийлэн тэврэх хүслийг яахин орлох билээ.

 

Ээж аавдаа зориулах цаг, хайрлаж халамжлах сэтгэл дутах болгондоо эргээд энэ надад тохиолдоно шүү гэж бодож нэг үзээрэй.

2016-02-26 11:16

unen shu
0 0

2016-02-26 11:21

nulims urslaa
0 0

aaa
2016-02-26 16:28

true word
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих