Аавдаа хаягдсан гэхэд дэндүү гомдолтой...

Хүүхдийн нүд сэтгэлийнх нь толь


Товч агуулга:

...Дунд сургуульд хүүхдүүдээс ичихдээ аавыгаа нас барсан гэж худлаа хэлдэг байлаа. Аавдаа хаягдсан гэдгээ мэдрэх нь хэтэрхий гомдолтой байсан болохоор нас барсан гэвэл хавьгүй баатарлаг юм шиг санагддаг байсан юм.

Хүүхдийн нүд бүхнийг өгүүлдэг. Хүүхдийн нүд тэр чигтээ сэтгэлийнх нь толь юм уу даа. Олон гэр бүлүүд салж хүүхдүүд эцэг, эхийнхээ хэн нэгэнтэй үлддэг. Тэдэнд үнэндээ өөр сонголт байдаггүй. Томчууд сонголт үлдээдэггүй гэсэн үг. Хорвоод ирэхдээ аав, ээжийгээ сонгоогүйн адил салж сарнисан тохиолдолд хүүхдэд  хагас өнчин хувь тавилан оногддог. Энд элдэв тоо баримт, статистик илүүц биз ээ. Салалтын дараа томчууд эхнэр юм уу,  нөхөртэйгөө таарамжгүй харьцаанаас болоод өөр арга байсангүй гэж өөрсдийгөө зөвтгөдөг.

Хүүхдээ хүчирхийлдэг гэр бүлийн тухай энд ярьсангүй ээ. Орчлонд хүн болж төрөөд эцэст нь эхдээ, эцэгтээ хаягдаж хагас өнчин өссөн олон хүүхдийн тухай л өгүүлэхийг хүсч байна. Салалт томчуудын л асуудал болж хувирдаг нь харамсалтай. Уг нь хүүхдэд хамгийн их хамаатай. Салалт хүүхдээс гадуур өрнөдөг. Гэр бүлүүд өөрсдийнхөө хэрүүлийг хойш тавиад хүүхдийнхээ тухай ярилцах учиртай. Гэвч бие биеэ үзэн ядсан, ухаан санаа нь уур цухал, мунхагаар битүүрч орхисон томчууд бушуухан л хоёр тийшээ болохыг хүсэмжилдэг. Хүүхэд яахав тэгж байгаад болно гэдэг. Эцэг, эхийн аль нэг нь орхиод явсан хүүхэд юу бодож, амьдралыг хэрхэн ухаарч төсөөлдөг бол? Бид зөвхөн тэднийг өрөвдөж л чадна. Харин юу боддогийг нь мэддэггүй. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдгээр муухай аав ээж гэж байдаггүй. Өөрийг нь орхиод явсан аавыгаа, ээжийнхээ тухай хүүхэд "Яагаад?" гэсэн асуултыг өөрөөсөө асууж дотроо санаж, шаналж бэтгэрдэг болов уу. Амралтын өдрөөр ганцхан уулзах нь аз жаргалтай байлгадаг гэж үү хүүхдийг...?

Хэзээ нэгэн цагт буцаж ирээд халуун хошуугаараа үнсэх болов уу гэж хий горьдлогоор өдөр хоногийг үддэг хүүхэд, бяцхан зүрхэндээ юу тээж явдагийг бид мэдэж чадах уу?  Сургуулийн үүдэнд хүүхдээ хүлээж суухдаа эцэг эхийн аль нэг нь үгүй хүүхэд бусад нь аав, ээждээ хэрхэн эрхэлж байгааг гөлрөн зогсохыг олныг харж болно доо. Хүүхэд гэдэг бүтэн хайранд торнихоороо давилуун улс. Тэдний омог их, дуу чанга, үсэрч харайх нь тоймгүй. Элэг бүтэн биш хүүхэд цаанаа л  дуу султай, өөртөө итгэлгүй эсвэл даруухан ноомой хүний царайг шинжиж байж үгээ хэлдэг. Жаргал гэж бүтэн байхын л нэр шүү дээ. Өглөө сэрэхэд нь дэргэд нь ганцхан хүн, үдэд хооллоход нь дэргэд нь ганцхан л хүн, үдэш тосоход өнөөх л аав нь юмуу, ээж нь. Нэгэн танил маань эцэггүй өссөн юм. Тэр одоо дөнгөж 20 гарч амьдрал эхэлж яваа залуу.

Багад нь орхиод явсан аавынхаа тухай одоо сайнаар ч, муугаар ч боддоггүй гэж хэлсэн юм. Дунд сургуульд хүүхдүүдээс ичихдээ аавыгаа нас барсан гэж худлаа хэлдэг байжээ. Түүнд аавдаа хаягдсан гэдгээ мэдрэх нь хэтэрхий гомдолтой байсан тул нас барсан гэвэл хавьгүй баатарлаг юм шиг санагддаг байсан гэдэг.

 “Аав маань эгч, бид хоёрыг орхиод өөр айлын гурван хүүхдийн аав болсон юм. Балчир байхдаа ээжийгээ шаналж байгааг хараад аавынхаа тухай хэзээ ч, хэнтэй ч ярьдаггүй байв. Эхлээд би өөрийгөө дандаа буруутгадаг байсан. Би үгэнд орохгүй, сахилгагүйтсэн болохоор аав маань дан охидтой айлын аав болж дээ гэж боддог байлаа. Харин дунд ангид ороод ээжийгээ буруутгаж тээршааж эхэлсэн. Үс гэзгээ янзалж аавын нөгөө эхнэр шиг залуухан, хөөрхөн болохгүй гэж боддог хэрнээ бас өрөвдөнө. Бас тарах болгонд үүдэнд ээж л зогсож байдаг, эцэг эхийн хуралд ээжээс өөр ирэх хүн байхгүйд дотроо бухимдаж эцэг, эхийн хурлаа ээждээ хэлдэггүй байсан.

Ээж маань бид хоёрыг аятайхан сайхан байлгах гэж хэтэрхий их хичээж, анхаарал тавьдагаас болоод заримдаа гэртээ очихоос дургүй хүрдэгсэн. Эцэггүй өсч байгаа болохоор анхааралдаа байлгах гэж өөрийгөө их зовоодог байсан байх.

Харин өөрөө эрийн цээнд хүрсэн хойноо аавыгаа үзэн ядаж эхэлсэн юм. Миний туулсан хагас амьдрал над дээр сүүдэр болон туссан хэвээр л байлаа. Учир нь би том эр болж хайртай хүнтэйгээ гэрлэх болоход түүнийгээ гуйж чадахгүй өчнөөн удсан. Тэднийх их олуулаа аль аль талдаа олон эрэгтэй хүнтэй,  харин манайх бэрээ гуйх болоход ээжээс маань ойр дотнын хүн бараг байгаагүй. Тиймээс маш их санаа зовж эцэст ээжийн талын эрэгтэйгээр эхнэрээ гуйлгасан юм даа. Одоо ч заримдаа гэр бүлээрээ цуглахад эхнэрийнхээ аавдаа хандаж байгааг хараад дотроо эмзэглэдэг хэвээрээ. Надаас өөр хэчнээн хүүхэд өсөх хүртлээ орхиж явсан аав, ээжийнхээ тухай над шиг эмзэглэдэг байсныг би мэдэхгүй л дээ. Аав маань биднийг орхиод айлын гурван охиныг хайрлаж чадсан юм болов уу гэж заримдаа боддог. Тэдэнд бас айлын аав булаах нь ямар санагддаг байсан бол. Учир нь тэр охид манай сургуульд сурдаг байсан юм.”

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих