ХУЙЛ ХУЙЛ БАС ДАХИН ХУЙЛ

Ачаа тээшээ баглах арга эвд суралц


Товч агуулга:

Аялал зугаалгын улирал эхэлж хөдөө, гадааг зоригсдын урт цуваа хотын хэмнэлийг өөрчилж, хүүхэд багачууд нь зуслан, хөгшид өвгөд нь хөдөө, хөрөнгө мөнгөө төлөвлөж, шийдсэн нь гадаад орнуудын гайхамшигт аялалд гарах гээд ачаа тээш баглах “их ажил” айл бүрт өрнөж байна.

 

Аялалд гарахын өмнө анзаараад уншчихад илүүдэхгүй зөвлөгөөнүүдийг энд жагсаалаа.

 

ХУЙЛ БАС ХИЙГ НЬ ГАРГА  

Хуйлах нь хамгийн шалгарсан арга гэдгийг хашир туршлагатай аялагчид байнга хэлдэг. Хувцас бүрээ хуйлж, хийгүй болгон шахдаг тусгай уутанд хийж чадвал бүр янзтай. Хүнсний зориулалтаар голдуу ашигладаг хийгүйжүүлэгч уутыг холын аянд авч явахад тээшний тань багтаамжийг нэмэх тустайгаас гадна хувцас үрчийлгэдэггүйрээ онцлогтой.

 

АЯЛАЛАА ТӨЛӨВЛӨ, АЧААГАА ТОДОРХОЙЛ

Цанаар гулгах, цаа буга унах, наранд биеэ шарах гээд аялал дотроо янз янз. Аялалын зорилго, үргэлжлэх хугацаа, цаг агаарын байдал зэргээс хамаарч таны ачаа тээш томорч бас жижгэрч болно. Бидний гаргадаг нийтлэг алдаа бол аялалд гарахаасаа өмнө цаг агаарын урьдчилсан мэдээ хардаггүй явдал юм. Бороо орохгүй нь тодорхой бол борооны цуваар юугаа хийхэв. Тиймээс явах газрынхаа цаг агаарын урьдчилсан мэдээг заавал хараарай.

 

 

ХАГАРАХ ЗҮЙЛСЭЭ ХАМГААЛ

Ялангуяа хүүхнүүдийн будаг шунх, тэр дундаа шахмал энгэсэг, нүдний будгууд аялалын пян даахгүй хагарах нь элбэг. Тиймээс нүүр цэвэрлэдэг жижиг хөвөнг шахмал будагныхаа  таглааны завсар хавчуулан хаавал зохино.

 

ДАРААЛАЛ ТОГТОО

Гутал хийх уут олдохгүй бол зочид буудал бүхэнд байдаг шүршүүрт өмсдөг малгайг ашигла. Түүнчлэн цайвар өнгийн хувцаснуудаа хамгийн эхний эгнээнд эгнүүлэн өрж адаг сүүлд нь өнгө будаг, үнэр танар нь эрсдэл гарч холилдсон ч хохирол бага амсах зүйлсээ өр.

 

 

ЧЕМОДАНАА ЗӨВ СОНГО

Дундаж чемодан 10 насладаг гэдэг. Гэхдээ ямар брэндийн, ямар материалтай, ямар үнэтэй чемодан сонгох нь таны хэрэг. Нисэх буудлын ачаа тээвэрлэлтийн хоолойгоор урсдаг нийт чемоданы 70 гаруй хувь нь бараан өнгөтэй байдаг.  Ижил зүсмийн ачаан дундаас эрж хайлгүйгээр олох ямар нэгэн содон тэмдэг таны тээшинд байх хэрэгтэй. Түүнчлэн 4 дугуйтын 2 дугуйтаас илүү гарах давуу тал олон тул аялалын турш ядрахгүй байхаа бодвол нэмэлт 2 дугуйг сонгох нь зөв. Хатуу зөөлөн материалын тухайд хамгаалах чадвар нь  хатууд илүү ч жин бага дарах чадвараараа зөөлөн материал давуу.

 

ХЭТЭРСЭН АЧААГ ХЭРХЭХЭЭ УРЬДЧИЛАН ШИЙД  

Ачаа тээшнийхээ хэмжээг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхийг мэдсээр байж онгоцны буудал дээр очоод ачаагаа ухаад суучихдаг нь бидний гэм биш зан. Хэтэрсэн тохиолдолд хэдэн төгрөг төлөхөө ч урьдчилан тооц. Аялалын өндөр ачаалал бүхий улиралд “Найрах” асуудал бараг л байхгүй. Зөвшөөрөгдөх ачааны хэмжээ онгоцны тасалбар дээр байдаг хэдий ч, бид таамгаар ачаагаа баглаж аваад онгоцны буудлыг зорьдог нь нууц биш. Хэрвээ та байнга аялдаг бол ачаагаа гэртээ урьдчилаад хэмжих боломжтой гар хэмжигч нэгийг авчих.

 


 

зочин
2016-06-28 09:57

нэг удаагийн түгжигддэг гялгар уутанд бас юмаа ангилж хийх аятайхан байдаг
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих