Дэлхийн сонорт Монголыг аваачсан эрхэмүүд

Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай


Товч агуулга:

  • Сүүлийн 25 жилд Монголыг сурталчилсан хүмүүс

Жеки Чан

Манай өвөө, аав хоёр бидний судсаар монгол цус гүйж байгаа гэж хэлсэн

2010 оны 10 дугаар сард Жеки Чан Монголд ирсэн нь сонирхолтой үйл явдлын нэг байлаа. Тэр вэб сайтдаа  Монголд зочилсон тухайгаа  “Дараагийн өдөр нь би багийнхаа хамт Чингис хааны хөшөө рүү явахаар бэлдэв. Өглөөний цайндаа би ихэвчлэн шинэхэн шахсан жүржийн шүүс эсвэл нэг жимс л иддэг. Гэхдээ тэр өдөр дуртай хоолнуудынхаа нэг сайхан хавирганы шөл уусан юм” гэж бичжээ. Хүмүүнлэгийн үйлс хийхээр Монголд ирсэн Жеки Чан хөгжилтэй найрсаг зангаараа монголчуудад таалагдаж хэд хэдэн газар хувиасаа хандив өгөөд буцжээ.


 

Жулия Робертс

Миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь Исланд. Нөгөө нь Монгол.

Оскарын шагналын эзэн жүжигчин Жулия Робертс 1999 онд Монголд ирж Төв аймгийн Сэргэлэн суманд малчин Ц.Хэнмэдэхийнд цөөн хоногоор амьдарсан нь тухайн үедээ сонин үйл явдал болж байлаа. “Wild Horses of Mongolia” нэртэй тэрхүү баримтат кино одоо ч YouTube-д бий. Тэр Монголын нүүдэлчин ахуйг өөрөөрөө дамжуулан гоёчлохгүйгээр Холливудад хүргэж чадсан юм.


 

Жак Уэтерфорд

Жак Маклвер Уэтерфорд АНУ-ын Миннесота мужийн Макалейстер их сургуулийн профессор юм. Жак Уэтерфорд олон улсад цараатай судлаач учир “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис хаан”, “Монгол их хатдын нууц товчоо” ном нь монголчуудын түүхийг дэлхийн чихэнд хурдан хүргэсэн юм. Түүний шүүмж, тойм зэрэг бүтээлүүд нь олон улсад эрдэм шинжилгээний ном товхимол, сэтгүүлд нийтлэгддэг бөгөөд тэр өөрөө Америкийн улс төр болон антропологийн тухай телевиз, радиогийн олон нэвтрүүлэгт тоймч, тайлбарлагчаар оролцдог.


 

Стивен Сигал  

Миний судсаар монгол цус гүйж байгаа

Тэр 2001 онд Монголд анх хөл тавьжээ. Мөн энэ үеэрээ монгол бүсгүйтэй танилцаж 2009 онд  гэр бүл болсон нь монголчуудыг өөр рүүгээ татах гол шалтгаан болсон юм. Түүнээс хойш Монголд үе үехэн ирдгийг нь хэвлэлүүд онцлох болжээ. Сүүлийн мэдээллээр Стивен Сигалыг “Jardin Residence” хотхонд байр авсан хэмээн эх сурвалжууд баталж байна.


 

Далай лам Данзанжамц

XIV Далай лам 1979 оны 6 дугаар сарын 15-нд анх удаа Монголд, Азийн буддистуудын энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан иржээ. Дэлхийн хэмжээний энх тайвны үйлстэн Далай ламыг хаана явж, ямар айлтгал хийж буйд дэлхийд нийт чих тавьж байдаг. Далай лам хамгийн сүүлд  2011 оны 11 дүгээр сард Монголд иржээ.


 

Сингапур хос Жин Лин, Жое Ви

Сингапурын тэрбумтан Били Лимигийн хүү болон бэр Жин Лин, Жое Ви нар 2015 онд Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялан  хуримын зургаа авахуулсан нь дэлхийн биш юмаа гэхэд зүүн өмнөд Азийн чихэнд хүрсэн үйл явдал боллоо.  “Moon media” агентлагийн төслөөр хийгдсэн энэхүү зураг авалт, бичлэг нь Монголыг гадаадад сурталчилсан төдийгүй монголчуудын сэтгэлийг сэргээгээд авсан юм.


 

Сергей Бодров

Оросын найруулагч Сергей Бодров Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн "Монгол" киног бүтээн 2007 онд дэлхий нийтийн хүртээл болгосон. "Монгол" кино нь түүхэн үнэнийг гажуудуулсан,  монголчуудыг буруугаар дүрслэн харуулсан хэмээн Монголын үзэгчдээс нэлээдгүй шүүмжлэл хүртсэн ч кино шүүмжлэгчдээс харин ч өндөр үнэлэлт авсан юм. Уг бүтээл нь 80 дахь удаагийн Академийн Шагнал гардуулах ёслолд "Гадаад хэлээр бүтээгдсэн кино" төрөлд өрсөлдсөн. "Монгол" нь барууны кино ертөнцөд Монголыг дүрслэн харуулж байсан хэв маягт хувьсал хийсэн.


 

Владимир Путин, Си Зиньпин, Жорж Буш

2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш нар Монголд албан ёсны айлчлал хийсэн. Ж.Бушийн хамт Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс болон тусгай ажилтнууд, сэтгүүлчид нийлсэн 500 орчим хүн Монголд ирж байжээ. 2014 оны намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ар араасаа Монгол Улсад айчилсан. Айлчлалаар ОХУ-ын Ерөнхийлөгчийг 60 сэтгүүлч, БНХАУ-ын даргыг 80 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч дагалдан ирсэн байдаг.


 

Роберт Фридланд

Монгол Улс, Оюутолгой хэмээх нэр “ертөнцийн чихэнд” хадаатай байх нэгэн үед Айвенхоу Майнз, Роберт Фридланд гэдэг нэр ч олон улсад Монголыг төлөөлөх шахаж байв. Монголын баялгаар тэр өөрийнхөө ч, бидний ч  нэрийг дэлхийд “дуурсгаад” авсан удаатай. Р.Фридланд уул уурхайн салбараас төрсөн АНУ-ын хамгийн баян хүн гэгддэг бөгөөд орлогоороо Дональд Трампын ард бичигдэж байжээ.


 

“Babies” баримтат кино

2010 онд олон улсад цацагдсан “Babies” нэртэй кинонд бяцхан Монгол хүү тоглосон нь “од” болж байв. Франц найруулагч Thomas Balmеs-ийн бүтээсэн уг кинонд Намиби, Япон, Америк, Монгол 4 хүүхдийн төрөхөөс эхлээд ой хүртэлх амьдрал гардгийг бид мэдэх билээ.


 

Түүнээс гадна Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд”,  ӨМӨЗО-ны “Чингис хаан” киноны гол дүр жүжигчин Б.Баасанжав, Монгол хүүхэд үрчилж авсан Холливудын од Эван Макгрегор зэрэг эрхэмүүд бага ч гэлтгүй Монгол хэмээх нэрийг дэлхийн сонорт аваачиж байсан удаатай.

lol
2015-12-04 22:41

zarim medeelel chn buruu bnaa, Billy lim iin huuhduud naad humuus chn bishee ho
0 0

zochin
2015-12-05 12:42

richaed gir
3 0

zochin
2015-12-06 22:12

Matt Damon
2 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих