Тэр яг тааны цэцэг, талын салхи шиг...

Морьтон монгол охин ямар байдгийг харуулчихаад ирэг


Товч агуулга:

“Трампын хэлснээр бид Азийн мексик болчихсон шүү дээ...” гэхэд минь тэр “Морьтон монгол охин ямар байдгийг харуулчихаад ирье” гээд инээмсэглэв. Тийм ээ, хүлэг нь хурдан байг!

 

Яриан дундуур би түүнээс:
-Чи хэдүүлээ вэ гэхэд тэр: -Гурвуулаа гэв.
-Дээрээ, доороо ах, эгчтэй? Алин болох?! Гэх ухааны юм ахиулан асуутал:
-Би ганцаараа ш дээ.
-Гурвуулаа гэсэн биз дээ?
-Тийм!
Асуух асуулт үлдсэнгүй тул би дэмий л:
-...Аан?! гэтэл өөдөөс огт гайхсан шинжгүй:
-Аав, ээжтэйгээ гурвуулаа гэж тодотгов. Асуултад минь өгсөн хариулт дахиад асуулт үлдээв. Айлын ганц охин тэрбээр аав, ээжээсээ өөр ам бүл нэмэх тухай, амин хувийн амьдрал зохиох талаар боддог болов уу?!

 

Тааны толгой тал нутагтаа танхил цэцэг нь. Тэр яг л талын таана шиг элдэв маяггүй энхрий хэрнээ талын салхи шиг эрэмгий, эрч хүчтэй. “Чиний мөрөөдлийн жагсаалтад гэрлэх тухай бичигдсэн үү” гэж би дараагийн асуултаа тавьж байхдаа мөрөөдлөө дагаад морин дэл дээр давхиж яваа мэт эршүүдхэн түүнийг айлын эхнэр болсноор төсөөлөх гэж хичээлээ.

 

Тэр:А.Баярцэцэг. Тэрбээр Miss World тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Энэ нь түүний хувьд анхны тэмцээн хараахан биш. Өмнө нь дотооддоо болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож, хилийн чанадад зохиогдсон “Miss Earth 2015” тэмцээнээс ганзага дүүрэн ирж байв. Өдгөө “Торго” салоны загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло”-д дүр бүтээсэн. Харин түүний дотоод гоо сайхан нь юундаа оршино вэ, тэр чухам хэн юм бэ гэдгийг уншигчдадаа бага ч болов нээхийг энэ удаад зорилоо.

 

 

...Ойр тойрны минь охид гэрлээд ээж болоод эхлэнгүүт хаа нэгтээ хонх дуугараад ч байх шиг санагддаг. Тэнд миний “Дэлхийн мисс”-т явахаас өөр нэг зүйл, өөр нэг аз жаргал байгаад байх шиг. Гуч хүрээд сүй тавих тухай бодох байх аа... гэж ар араас нь залгуулсан, дундаа таслалгүй гурван өгүүлбэр хэлэв. Тэгээд дараагийн асуултыг хүлээж байгаад амнаас унангуут шүүрэх гэж байгаа мэт цоо ширтэх юм. Тэгснээ “Та сэтгүүлч биш сэтгэлзүйч шиг санагдчихлаа” гэж намайг дүгнэв. Түүнийг чухам хэн юм бэ гэж сонжих зорилго минь баригдчихлаа...

 

Баярцэцэг багадаа мөрөөдлөө бичдэг улаан дэвтэртэй байжээ. “Улаан дэвтэрт бичсэн мөрөөдөл биелдэг” гэсэн мөрөөдөлтэй. Толинд харж байгаад өөрөө өөртэйгээ ярьдаг яриатай. Айлын ганц хүүхдийн онцлог байх даа гэмээр хил хязгааргүй тэнүүлчилж оддог түүний мөрөөдөл, өөрөө өөртэйгээ хийдэг яриа нь түүнийг Америк тивд хүргэж, найруулагчийн өмнө хөтлөн аваачсан хэрэг байх нь ээ.

 

“Сант” дунд сургуулийг төгссөн охиноо аав, ээж хоёр нь эмч болгох хүсэлтэй тул элсэлтийн ерөнхий шалгалтдаа биологийн хичээлийг заавал оруулаарай гэснээс нь зөрүүдлээд СУИС-д шалтгалт өгмөөр санагдсан тэр өдөр л түүнд нэгэн “далавч” эргэлт буцалтгүй ургаж эхэлжээ. Тэгэхдээ СУИС-д ороогүй. Харин математик, англи хэлний шалгалтын оноо нь тус тус 800 байсан тул хүссэн их сургуульдаа элсэн орох боломж нээлттэй байлаа. Хүүхдүүд сургуулиа сонгоод хуваариа аваад дууссан хойно ээжийнхээ багшилдаг ТИС-ийн КТМС-ийн сургуульд орох шийд гаргажээ. Хуваарь авья гээд очтол багш босго оноо давсан хүүхдүүдийн нэрсийг дороос нь дээш шүүрдэн уншаад л байлаа, тэгж байснаа “Баярцэцэг гэж алга” гэжээ. Гэтэл түүний нэр жагсаалтын нэгдүгээрт бичээтэй байхыг хараад өнөө багш “нэгд орчихоод эрт ирэхэд яасан юм бэ” гэж загнажээ. Хоёрдугаар курсээсээ Европын холбооны тэтгэлэгт тэнцсэн таван оюутны нэг болж Испанид нэг жил суралцав. Дараа нь бас л тэтгэлэгт багтаж Өмнөд Африкт суралцав. Аав, ээж хоёр нь “Сайн боловсрол эзэмших хэрэгтэй” гэсэн зарчим барьж өсгөсөн тул энэ бүхэнд нь сэтгэл хангалуун байлаа. Харин дараа нь бизнес удирдлагаар дээд сургуулиа төгсч, “Гоёо кашмир” компанийн маркетингийн багт дориун ажиллаж байсан охин нэг л өдөр мөрөөдлөө дагаад жүжигчин болохоор АНУ руу явах болов. Нэг ч таних, тосох хүнгүй охин нь Америк явна гэхэд хэцүү л санагдаж байсан биз. Гэвч тээр жил СУИС-д орно, найруулагч болно гэж зөрүүдлэх үед хоёр далны нь хооронд цухуйсан бяцхан далавч дэвэн нисэх цаг нь болчихсон байлаа.

Аав, ээж нь сайн боловсролыг чухалчилж ирсэн болохоос биш тийм ч баян чинээлэг биш. АНУ-ын визэнд ороход дансандаа 20 сая төгрөгтэй байхыг шаардаж байсан ч тэр гурван сая төгрөгтэй л байлаа.

 

 

АНУ-д очоод хоёр ч хот дамжсаны дараа гурав дахь буудал дээр буухдаа Сан Франциско хотод газарджээ. Энэ хот түүний мөрөөдөж байсан газар мэт санагдан өөрийнх нь хэлснээр “шууд дурлачихжээ”. Ажил хайхдаа загварын агентлагууд руу хандаж, ажлыг жижгээс нь эхлэн ахисаар, нэг удаагийн тохиолоор алдартай найруулагчтай таарчээ. Жүжигчин болж чадна гэсэн итгэл Япон самурай охины дүр бүтээсэн тэр үеэс бүр бэхжив. Найруулагч анх уулзахдаа “чи тулааны урлагаар хичээллэж байсан уу” гэж асуухад волейболын “Ноён” багийн тамирчин явсан охин шууд л “Тийм ээ” гэж хариулжээ. Ээж, аав хоёроосоо зөрөн байж хийсэн сонголт нь түүнд бага багаар амжилт атгуулсаар байв.

Хэдэн жилийн дараа “Марко Поло”-д тэнцчихээд баярлаж, Малайзад уг киноны зургийг авч байх үед аав, ээжийгээ урьж аваачжээ. Хуримынх нь 25 жилийн ойн бэлэг болгож, Малайз, Камбожоор 10 хоног аялуулахаар шийдэн ажлын хөлснөөсөө шууд л зардал гаргаж амжив. Аав, ээж хоёр нь Малайзад кино зураг авалтын үеэр зургийн талбай дээр найруулагчийн ард зогсоод охиныхоо жүжиглэлтийг ажиж байлаа. Нэг сценийг хэдэнтээ давтан зураг авахуулж байх зуураа охин аав, ээж хоёрынхоо нүдийг олоод харчихжээ. Тэдний харц өмнөхөөсөө нэг л өөр. Хамгийн хайртай хоёр хүн нь “Бид ойлгохгүй байгаа ч юм бил үү, охины минь зөв ч юм билүү” гэсэн харцаар нэгэн зэрэг түүн рүү ширтэж байлаа.

..Тэгэхэд миний нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирсэн... гэж Баярцэцэг хэлэх үед доош тонгойгоод дэвтэр дээрээ тэмдэглэл таталгаж суусан би дээшээ харж чадсангүй. Ингэж ярих үедээ түүний нүдэнд нөгөө нулимс нь дахиад дүүрээд ирчихсэн юм шиг санагдаад би харахгүйг хичээсэн хэрэг л дээ.

 

Түүний уншсан номуудаас Бразилийн зохиолч Пауло Коелогийн “Алхимич”-ийн Сан Диего гэх хүүгийн дүр өөртэй нь төстэй санагддаг. Тэр хүү зүүдээ дагасаар яваад Египетийг олоод очдог шиг Баярцэцэг мөрөөдлөө дагасаар яваад энэ хүрчихэж. Тэр АНУ-ын Вашингтон хотноо болох Miss World тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Улаанбаатараас нислээ. “Трампын хэлснээр бид Азийн мексик болчихсон шүү дээ...” гэхэд минь тэр “Морьтон монгол охин ямар байдгийг харуулчихаад ирье” гээд инээмсэглэв. Тийм ээ, хүлэг нь хурдан байг!

 

Эх сурвалж:Өглөөний сонин

 

ohin
2016-11-27 20:39

ohin mn amjilt chi chadnaa
0 0

2016-11-27 23:28

mundagg ohin
0 0

aagi
2016-11-27 23:56

chi shu davhiarai
0 0

Saraa
2017-01-04 23:38

Uragshaa davhiarai moriton mongol ohin min chuu
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих