Бид мөхөж байна

Хэлэх хэлэхгүйн туйлд захирагдъя


Товч агуулга:

  • Энэ улс ийм сэтгэл мэдрэл, бодол санаатай иргэдтэй хэр хол явах бол оо...

Бид мөхөж байна, гэхдээ сэтгэхүйгээрээ. Сошиал ертөнцөд энэ хүмүүсийн чинь үзэл бодол тархи толгой нь муу муухайгаар дүүрчихсэн юм уу гэлтэй хараал, хэрүүлийн үгс тасралтгүй урсах юм. Харахаар итгэл хугармаар. Хэн нэгэн ингэж урсгасныг нь өлгөн авч дэмжиж уухайлж байгаа хүмүүсийг хараад энэ улсад чинь ирээдүй байна уу, ийм бодол санаатай иргэдтэй хэр хол явах бол оо гэж санаагаар унах юм.

 

 

Сэтгэхүйн доройтол, хий зүйл зохион үнэмших хямдхан бодол, үзэн ядалт, уур хилэн маань Монгол улсыг бидний харддагаар урд хөрш бодлогоор эзлэхээс өмнө, өөрсдөө сэтгэхүйгээрээ эзлүүлж, голомтоо самарч мэдэхээр юм байна гэсэн бодол толгойд оруулах.   

Орчлон ертөнцөд олиггүй хүмүүс байж болно, авлига хээл хахуульд идэгдсэн нь ч байх. Хүний муу, адгийн шаарыг адгийн шаар л гэнэ биз дээ. Гэтэл энэ агуулгынхаа савнаас хальж үх, хах, сайн явахыг чинь харна, буудан хөнөөе, би бэлэн, чи бэлэн үү гэхчлэн бие эрхтний гажиг, үндэс язгуур, үр хүүхэдтэй нь доромжлох нь аймшигтай. Хүн чанар хааччихав аа. Эцгийн буруу хүүд хамаатай билүү. Яалт ч үгүй яс махны тасархайг нь хятад цусны, тагнуул, босоо ороолон мэтээр бичиж чичихэд ухааныг нь биш биеийг нь төрүүлсэн эцэг эх юу бодож суудаг бол. Нинжин сэтгэл хаана байна. Цав цагаан даашинз өмсөн энэ амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдрийг тэмдэглэж байгаа жаахан бүсгүйд аавынх нь үйл хэргийг нялзааж, үе удмаараа сайнаа үзэхгүйгээр нь дуудаж тэр гоё өдрийг нь ерөөх биш хараах шаардлага байна уу. Хүндэтгэл хааччихав аа.

Нийгэм их нервтэй байгаа, мэдэж байгаа. Улс төрчдийн улс төр гэж зүгээр л эмгэнэлт хошин шог, ойлгож байгаа. Тэглээ гээд ёс суртахууны ёроолд очих хэрэг байна уу. Хэрүүлтэй газар цэцэг ч олигтой ургадаггүй. Түүнчлэн энгийн иргэд бид хар хорын үгээр өөрсдийгөө цэнэглэж, бусдыг хуйлруулах нь сэтгэхүйн мөхлийн тод илрэл билээ. Дургүйцлээ илэрхийлэхдээ ертөнцийн хамгийн бузар булай үг ашигласан хүмүүсийн бичсэн пост, коммент, жиргээг уншихаар онилсон байг нь биш, бичсэн хүний ирээдүйг нь бодож хямрах юм. /Уг нь жишээ бичмээр, гэхдээ энэ нийтлэлийг тийм үгээр бузарлахгүй билээ. Сурв/

Улсын ерөнхийлөгчийн сонгодог жишээ байна. Тэр хүн хүзүүгүй байж болно, уран үгтэй байж болно, энэ дэлхийн хамгийн муу ажилладаг ерөнхийлөгч байж болно. Гэхдээ бид сонгосон манай, бидний улсын ерөнхийлөгч шүү дээ. Яагаад жаахан ч гэсэн хүндэтгэх соёл байж болдоггүй юм. Сошиал ертөнц дээр энэ хүнийг буудах хороон сонирхолтойгоос эхлээд үхлийн муухайгаар үхэхийг харах хүсэлтэй сэтгэгдэл хүртэл явж байдаг. Хүн үхэхийг харах сайхан уу, цаг дээрээ тулвал булшин дээр нь инээгээд зогсч байх хүйтэн сэтгэл өөрт чинь байна уу. Ахмадууд хэт олон үг яриад яваа хүнийг амаа мэдэж яваарай чи гэж анхааруулдаг. Бичих юмаа мэдэж бичмээр, хэлэх үгээ хянаж хэлмээр байна. Өөрийн сонголтоо гутаан доромжлох нь өөрийнхөө балай тэнэгийг гайхаж буйтай адил билээ.

Барак Обамаг эсэргүүцэгчид янз бүрээр л эсэргүүцлээ илэрхийлдэг. Нүдээр үзсэнээс гэвэл Барак Гитлер болж гүйцлээ гэсэн утгатай нүүрэн дээр нь Гитлерийн сахлыг наасан зураг барьсан хоёр өвөө өдөржин замын хажууд наранд шарагдаж суусныг харж байсан юм байна. Харин манайхан эсэргүүцлээ, яаж илэрхийлж байна... Хүний нүд үзэх үзэхгүйн туйлтай, хэлэх хэлэхгүйн хязгаартай гэж боддог. Бид тэр хязгаарыг давсан бололтой. Бид мөхөж байна, гэхдээ сэтгэхүйгээрээ... 

uneen unen sanal niiilj bnoo
2016-01-08 11:39

It s true
0 0

Good
2016-01-14 22:32

Зөв юм бичжээ. Зөв бичих талаас бол Итгэл хугармаар, санаагаар унах гэж бичихгүй, итгэл алдармаар, сэтгэлээр унамаар гэх байх шүү. Бичих дээрээ анхаарна биз ээ.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих