ЧАМАЙГ ХЭН ГЭЖ ХАДГАЛАВ?

Тэр чамайг утсан дээрээ хэн гэж хадгалсныг мэдээгүй яваа юм биш биз?


Товч агуулга:

“Бүдүүн Золоо”, “Хар Мөнхөө”, “Үүдний манаач”, “Бидон Ганбаа”, “ Банкны охин”… Хэн нэгэнд үлдээсэн дурсамж, үнэлэгдсэн зэрэг, хоногшсон хоч, хийж буй ажил, хамтарч буй бизнес гээд санаанд оромгүй олон төрлөөр хүнийг ангилан ялгаж, хадгалж болно.

 

Танилын хүрээ тэлэх тусам олон төрлийн Сараа, Нараа, Батааг ялгахын тулд тэмдэг нэрээр тодотгохоос аргагүйд хүрдэг ч таньдаг нэгэн тань таныг төсөөлөөгүй тодотголоор хадгалчихсан байхыг харах тиймэрхүү л байх. “Банк бусад ажиллаж, зээл олгодог нь үнэн ч амьдралынхаа жаргал зовлонг хуваалцдаг найз хүүхнүүдийнхээ нэгийг утсан дээрээ нэрийг минь “Сараа зээл” гээд хадгалчихсаныг хараад үхтлээ гомдож билээ” хэмээн 37 настай Б.Саранцэцэг өгүүлэв. Хөгжилтэй, гомдмоор бас огт санаанд оромгүй түүхүүд бас тодотголууд хүн бүрийн гар утасны санах ойд бий. Танд ч бас бий гэдэгт итгэлтэй байна. Тэдний заримаас нь хуваалцъя!

 

ОЙРОЛЦОО НЭР

Томоохон байгууллагын нэгэн хэлтэст ажилладаг Содоо бүсгүй хамт ажиллаад жил гаруй болж буй харалдаа ширээний Баяраа руу хагас цагийн дараа харилцагч байгууллага нь уулзах гэнэтийн хүсэлт тавьсныг нь дуулгаж, хуралд яаралтай бэлдэцгээх хэрэгтэйг сануулах гэж утас цохив. Харамсалтай нь тэр утсаа орхисон байлаа. “Өө утсаа орхичихсон байна шүү дээ. Хааччихсан юм бол оо” хэмээн өрөөн дотуур холхих зуураа түүний ширээн дээр дуугарах утсыг нь санаандгүй харав. “Соронзон” гэсэн дуудлага түүний дугаарын хамт анивчин байв. “Чи яагаад намайг Соронзон гээд хадгалчихсан юм бэ?” гэж төд удалгүй орж ирсэн Баяраагаас Cодчимэг асуутал “Баахан эмэгтэй хүнтэй ярьж, бичсэн байхаар манай эхнэр дургүй байдаг юм аа. Энэ хэн бэ гээд эмэгтэй нэр байхаар шалгаагаад байдаг юм. Ойролцоо, цээжлэхэд амар, эрэгтэй нэр гээд чамайг “Соронзон” гээд хадгалчихсан юм”.

 

ХУВЬСГАЛЫН АЖИЛ БА ХУВИЙН ХАРИЛЦАА

“Анх ажил хэргийн журмаар танилцсан ч төд удалгүй бид биедээ татагдаж, хувь хувьсгалын ажлыг хослуулан болздог болсон юм. Харилцаа маань дотно болох тусам түүний хувьд би гээч хүн үнэ цэнэтэй нэгэн болсоор байгаагаа алхам тутамдаа мэдэрсээр байсан юм. Гэтэл тэр нэгэн жаргалтай орой, тохилог зоогийн газар хоол идчихээд гарч явахдаа тэр минь утсаа хаа хаячихсанаа санахыг хичээж, эрж хайж эхлэв. “Ширээн дээрээ мартчихав уу очоод үз дээ… Би залгаж байя” гэлээ. Түүнийг танхим руу орох зуур сүүлд ариун цэврийн өрөө орсныг нь санан эрэгтэйчүүдийн 00-оор шагайв. Тэнд мартчихаж. Түүн рүү дуудлага хийн утсаа чихэндээ наангаа угаалтуурын хажууд гэрэл анивчин байх утсыг нь аваад хартал “ MCS Zoloo” гэх нь тэр. Харин тэр миний утсан дээр “My Baby” гэж хадгалагдсан байсан юм” хэмээн саяхан салсан найз залуугийнхаа талаар Золоо дурсав. Тухайн үед өөрийг нь тэгж хадгалсанд голдоо ортол гомдсон ч түүнд хэлэлгүй, цаашлаад ажлын шугамаар уулздаг уулзалтууддаа хязгаар тавин тавьсаар харилцаа нь хөндийрч салсан тухайгаа тэрээр нэмж хэлсэн юм.

 

БҮДҮҮН ЗУЛАА

Зулааг бид нар бүгдээрээ бүдүүн гэдгийг нь мэднэ. Зулаа ч өөрөө махлаг төрсөн биенээсээ ичиж зовоод байдаггүй нэгэн. Саяхан бөөнөөрөө ширээ тойрон идэж уун суутал, найзуудаа гэртээ урьсан хэлэмгий доломгой нь дэндсэн Зулаа хундаганы үг хэлэхээр босов. Хундаганы үг хэлэхээр зогсох зуураа 00 орохоор явсан Чимгээг хүлээж ядан утас руу нь тэр залгав. 10 орчим хүнтэй ширээний тэг голд томоос том Note 4-ийн дэлгэцэн дээр “Бүдүүн Зулаа” гэсэн дуудлага чанга гэгчийн дуутайгаар ирэв. Ширээний зочид хэсэг чимээгүй байснаа нирхийтэл инээлдэв. Зулаа ч энэ завшааныг ашиглан “Бүгд утсаа зэрэгцүүлээд тавьж бай. Бүгдийнх нь хувьд би хэн болохоо үзэж харъя” гэлээ.

 

НАЙЗЫН ЭХНЭР

Утсаа оролдон хоорондоо амьд харилцаа үл үүсгэх найзуудынхаа бүгдийнх нь утсыг хурааж аваад, түрүүлж утсаа авсан нь өнөөдрийн тооцоог даах амлалтаар 4 залуу биллиард тоглов. Гэтэл нэгнийх нь утас түрүүлж дуугарав. Түүний эхнэр байлаа. Тооцооны өрөнд орохгүй тулд тэр авсангүй. Нөхөр нь утсаа авахгүй бол найзууд руу нь дарааллан залгадаг эхнэрүүдийн нийтлэг жишгээр түүний эхнэр 3 найз руу нь дарааллан залгав. Эхнийх нь “ Зэвүүн гахай” хоёр дахь нь “Тарганаа” харин гурав дахь найз нь “Том өгзөг” хэмээн түүний эхнэрийг хадгалсан байлаа. Энэ бол “Миний эхнэр тагнуулч” кинон дээр гардаг нэгэн үзэгдэл.

 

Та хэн нэгний хувьд хэн болохоо, ямар тодотголтой гэдгээ шалгаад үзчихэж илүүдэхгүй л байх...

 


 

 

2016-08-04 18:41

ahaha uhlee shde ene odoo
0 0

2016-08-04 18:52

ter naiziin ehneriin tuub bol nadad tohioldoj bsiin bn evgui yum ble
0 0

2016-08-04 21:25

манай найзад бас тэр залуу хүүхэн хоёр шиг явдал тохиолдож байлаа. худлаа нүүрэн дээр нь хайртай юм шиг хирнээ нэрийг нь бичээд ард нь 3н тоо тавьчихсан байсан гэсэн.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих