Бүлгийн сэтгэхүйн хохирогч

Олны өөдөөс сөрж дуугарснаас чимээгүй байхыг илүүд үзнэ


Товч агуулга:

Олон нийтийн сүлжээнд зонхилж буй сэтгэлгээний ийм хэв маяг заримдаа буруу зүйлийг ч зөв мэтээр харагдуулж, зөв зүйлийг ч үл тоон мушгин гуйвуулж мартагнуулах хүчийг өөртөө агуулна

Өнөөдөр хүмүүс бүгд шүүмжлэгчид болсон. Тэд иргэний үзэл бодлоосоо илүү өөрийгөө  ямар нэгэн мэргэжилтэн мэтээр сэтгэж, үүнийгээ  шүүмжлэх эрхтэй мэтээр ойлгоно. Хүмүүс “хүний эрхээ” чөлөөтэй, хүссэнээрээ эдлэх хамгийн амар, түгээмэл замыг сонгох болсон нь олон нийтийн сүлжээ. Заримдаа шүүмжилж байгаа зүйлийнхээ утга учрыг сайн мэдэхгүй байх нь ч бий. Улс орны нөхцөл байдал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрыг хэр сайн шүүмжилснээрээ иргэний үүргээ биелүүлдэг бол бид маш идэвхтэй, маш сайн иргэд. Харин ингээд байдал сайжирч байгаа юу гэдэг асуулт хариултгүй үлддэг.

Сошиал сүлжээнд нэгдсэн хүмүүсийн шүүмжлэлийн түрэлтийг юуны өмнө бүлгийн сэтгэхүй гэж нэрлэмээр байна. Ингэж бүлгээр сэтгэж, бүлэглэн шүүмжлэх нь эв нэгдлийг төрүүлэхээсээ сэтгэхүйн хүчирхийллийг төрүүлнэ. Үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ хэлбэр нь таагүй сэтгэгдлээ бусадтай хуваалцаж байгаа хэлбэрээр илэрдэг болсон нь элбэг.

Ийнхүү бүлэглэн илчлэн шүүмжилснээр эцэст нь вьетнам залуустай нийлж наргисан монгол охиныг амиа хорлоход хүргэсэн тохиолдол бий. Тэрхүү охин бүлгийн сэтгэхүйн хохирогч болсон. Иймэрхүү жишээ олныг олж болно. Хамгийн хортой нь сошиал дахь хүмүүс бүлгийн сэтгэхүйг өдөөн дэвэргэдэг. Хувь хүний ямар нэгэн мэдээлэл задрахад тэр хүнийг амьдрах аргагүй болгодог аймшигтай их хүч сошиал орчинд нуугдаж буй. Хэн нэгэн буруутай үйлдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж болох ч тухайн хүний нэр төр, амьд явахыг хүсэхээ байхад хүртэл халдан довтолж үл болно.

Найз залуугийнхаа төлөө амиа алдсан улс төрчийн охины үхэлд эцгийг нь элдвээр хараан бах таваа хангах нь ардчилал, эрх чөлөө гэхээсээ илүү бүлгийн сэтгэхүйгээр түрэмгийлж буй хэрэг. Эдгээр хүмүүс бол БҮЛГИЙН СЭТГЭХҮЙН ХОХИРОГЧИД.  Ийм төрлийн хохирогчид сэтгэл, санаа, нэр төр, цаашлаад амь насаараа чимээгүйхэн хохирч, хүмүүсийн хүрээллээс шахагдана. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр бамбай хийж хэн нэгэн хүн,  ямар нэгэн зүйлийг бүлэглэн шүүмжлэх нь цөөнхөд хүндээр тусна. Энэ сүр хүчнээс айсан хүмүүс бусдад итгэх итгэлээ улам гээж өөрийнхөөрөө амьдрах орон зай нь хумигдаж байж болзошгүй. Бусдын өө сэвийг олж илрүүлэн, бүлэглэн шоолж, доог тохуу хийж, бах таваа ханган баалж муулах нь зарим талаараа халдварлах шинжийг тээж буй. Иймэрхүү автомат тохируулгыг тархиндаа суулгачихсан хүмүүс үүнийхээ хариуд ямар нэгэн сайн сайхан зүйлийг бий болгодог уу?Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллага алдаа гаргасан бол түүнийг шүүхэд дуудаж болно. Гэвч сошиал сүлжээн дэх хуурамч болон жинхэнэ хаягтай олон хүнийг авч хэлэлцэх, буруутгах боломж нэн хомс. Түүнийг дэмжиж лайкдаж, шэйрлэж өдөөн дэвэргэж байгаа мянга мянган хүнийг буруутгаж чадахгүй.

Олон нийтийн сүлжээнд зонхилж буй сэтгэлгээний ийм хэв маяг заримдаа буруу зүйлийг ч зөв мэтээр харагдуулж, зөв зүйлийг ч үл тоон мушгин гуйвуулж мартагнуулах хүчийг өөртөө агуулдаг. Хүмүүс ухаалгаар шүүмжилж, олон өнцгөөр аливаад хандаж, тухайн хүнийхээ оронд өөрийгөө хааяа ч гэсэн тавьж үзэж байвал зарим нэгнийг бүлгийн сэтгэхүйн хохирогч болохоос аварна.

Бүлгийн сэтгэхүйнээс сөрж дуугарсан хэн боловч гадуурхагдаж бүлгийн сэтгэхүйн хохирогч болоход ойрхон. Бүлгийн дарамтыг үе үе мэдрэх учир чимээгүй байхыг илүүд үзэж, сошиалд олон ургальч үзэл дутна. Нэг тал руугаа хэвийсэн бүлгийн сэтгэхүйгээс заримдаа яахаас ч буцахгүй үзэл санаа ханхалдаг. Нийтийн сэтгэхүйг тогтворгүйтүүлэх зорилгыг санаатайгаар агуулагч бүлэглэл энэ талбарт тоглолтоо хийхээс буцахгүй.

Эцсийн эцэст иймэрхүү бүлгийн харанхуй хандлага нь өөр, өөдрөг, эерэг үзэл бодлыг үгүйсгэн дарж замаасаа зайлуулдаг. Бүлгийн сэтгэхүйгээр түрэмгийлэн шүүмжлэх нь түүнээс цөөн хүмүүсийг нэг нэгээр нь чимээгүй золиосолсоор байгааг хэн ч анзаарахыг хүсэхгүй байгаад бидний эмгэнэл оршино.

2016-02-17 14:52

зөв шүү тэгдэг
1 0

heled yuhev
2016-02-17 15:41

neg udaa neg gazar comment bichseneesee bolod bur shunu untaj chadaagui shde
0 0

2016-02-17 17:46

нээрээ аймаар хэцүү ш дээ
0 0

hi
2016-02-18 01:10

teneguudeer duursen iim uyed ugaasaa dund ni oroltgui
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих