Төгрөгийг түрсэн “хий үзэгдлүүд”

“Хоосон” валютуудад хууль үйлчлэх үү?


Товч агуулга:

Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэхээр заагаад, 3.1.2-оор “Үндэсний мөнгөн тэмдэгт” гэж Монгол Банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэлээр

“Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийг бидний ихэнх маань “долларын эсрэг хууль” гээд ойлгочихсон байдаг. Арга ч үгүй юм. Хууль батлагдсан 2009 онд долларын зохиомол хэт эрэлт бий болчихсон, бизнес, ажил үйлчилгээний үнэ төлбөр бараг тэр чигээрээ шахуу доллараар тооцогддог, аж ахуйн нэгжүүд улайм цайм $ шошго тавихаасаа нэрэлхээд т.н. буюу “тооцооны нэгж” гэсэн тэмдэгт мөрддөг болчихсон байсан. Энэ т.н.-ийн утга нь доллараар л илэрхийлэгдэнэ. Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн салбар бол бүхэлдээ доллараар ярьдаг болчихсон байлаа. Үнэхээр үндэсний мөнгөн тэмдэгтэд үнэгүйдлийн аюул бодитойгоор нүүрлээд байсныг хүмүүс санаж байгаа байх. Монголбанк энэ хуулийг “цагаа олж” батлуулсан гэж болно. Зорилго нь ч үнэхээр “долларын эсрэг” байлаа.

Харин өнөөдөр энэ хуулийг бид арай өөр өнцгөөр, тодруулбал, “төгрөгийн тухай” хууль гэж харах хэрэгтэй болсон. Хуулийн 4.1 дүгээр зүйлээр Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэхээр заагаад, 3.1.2-оор Үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол Банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэлээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичихээр хуульчилсан. Түүнчлэн банк, санхүүгийнхээс бусад байгууллагууд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглосон.

Товчхондоо, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хууль бол доллар битгий хэрэглэ гэсэн хууль биш, төгрөгөө хэрэглэ гэсэн л хууль юм. Үндэсний мөнгөн тэмдэгтийг өөр юмаар орлуулж болохгүй гэсэн хууль.

Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд маркетингийн идэвхжүүлэлтийнхээ хүрээнд төрөл бүрийн урамшуулал олгох нь ихэссэн. Картын систем нэвтрүүлж, урамшууллын хийсвэр оноо өгөх, улмаар тэрхүү хийсвэр оноогоор худалдан авалт болон төлбөр тооцоо хийх эрх нээх тохиолдол элбэг болж байна. Үйлчилгээ, худалдаа, үзвэрийн газрууд уг хийсвэр онооны сүлжээнд олноор хамрагдан орж, бүтээгдэхүүнийхээ үнийн тодорхой хувийг түүгээр орлуулах нь ч эрчимтэй нэмэгдэж байна. Ялангуяа залуучууд, оюутнууд, өсвөр насныхны хэрэглээг энэхүү хийсвэр төлбөрийн сүлжээ рүү уриалан сурталчилж байгаа нь эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөх эсэхэд хариу өгөх цаг болсон санагдана.

Удаан хэрэглээний бэлэг, төлбөрөө төлсний оноо, нэмэлт үйлчилгээ авсны бонус гэх мэт юмс өнөөдөр хүмүүсийн энгийн танил зүйлс болсон. Маркетинг, худалдааны харилцааны хөгжил улам нарийсан хөгжиж, арга хэрэгсэл нь олширсон өнөө үед энэ мэтийг гайхаж хачирхах шаардлагагүй ч өнөө хийсвэр “юмс” маань улам биежээд, үнэ төлбөр төлөх чадвартай болж, үндэсний мөнгөн тэмдэгтийг бодитоор орлоод ирсэнд л асуудал үүсч байгаа хэрэг.

Хийсвэр оноо тэдэн төгрөгтэй тэнцэнэ гэх ханшийн ойлголт хүртэл нэгэнт бий болжээ. Гэтэл төгрөгийг хуульчилсан “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хууль ийм тэнцэтгэл хэр нийцэх вэ? Кино үзэж, пицца худалдан авч, байрныхаа мөнгийг хүртэл төлж болдог хийсвэр оноонууд “ноён” төгрөгийг дахиад л үнэгүйдүүлж эхлэх юм биш биз? Гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй “хоосон” валютуудад хууль үйлчлэхгүй хэрэг үү?

комментор
2016-02-19 11:52

Хийсвэр оноогоор гүйлгээ хийдэг байгууллагууд хоорондоо ямар валютаар тооцоогоо хийж байгаа вэ гэдэг л сонин. Түүнээс биш жижигээр ямар байр авах биш.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих