Н.Энхбаярын нударганд ямар мэс нуугдана вэ?

Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг


Товч агуулга:

Их удирдагч дүрдээ нэгэнтээ автчихсан Н.Энхбаяр эгэл жирийнээр өдөр хоногуудыг үдэх чадвараа нэгэнт алджээ.

Утга зохиолын орчуулагчаас улсын Ерөнхийлөгч хүртлээ дэвшсэн бас олны нүдэн дээр оймсоо гозолзуулан аавын хаалга татсан хүн бол Намбарын Энхбаяр. Энэ хүн монголчуудын нүдэн дээр  1992 оноос хойш илийн ил, тодын тод  20 гаруй жил амьдарлаа.  Намбарын Энхбаярыг зарим нь үзэн ядаж хараан зүхнэ, зарим нь тахин шүтнэ бараг л сөгдөж мөргөнө. Энэ байх л үзэгдэл. Миний бие хүртэл түүний 1996-2004 оны хоорондох олны нүдэн дээрх амьдралыг нь шүүж, түүж, тоолж судалж тоосны, цаасны харшилтай болж байхав дээ.

Тэр үед Н.Энхбаяр УИХ-ын дарга байлаа. Найман жилийн хугацааны шар бор нийлсэн найман сонинд түүнийг муугаар бичсэнтэй тун цөөн таарч байсан юм. Н.Энхбаярын нэгдүгээр нүүрнээс давсан нүсэр ярилцлагууд сонинуудыг дүүргэж байв. Монголын хэвлэл мэдээллүүд  2000-2004 оны хооронд Н.Энхбаярыг 27 удаа ямар нэгэн “Шилдэг”-ээр шалгаруулсан байдаг. Хэвлэл мэдээллийг атгандаа байлгахын тулд Чөлөөт хэвлэлийг дэмжих санг байгуулж эхнэрээрээ удирдуулж байсан удаатай. Тэр ийм л явсан.

Эрх мэдлийн төлөө цусны үнэр авсан араатан шиг тэмүүлж буй одоогийн Н.Энхбаярыг хараад боддог юм. Тэр хэн байсан юм болоо? Тэгээд хэн болов? Бид түүнийг хэн болгов? Түүний дотор ямар эр хүн, эцэг хүн, ямар найз, ямар хүү байдаг болоо гэж?

Эрх мэдэл хүнийг эвддэггүй харин мөн чанарыг нь илрүүлэн гаргадаг гэдэг. Түүний удирдагч хэмээх дүрээс нь бусад тал нь тун бүдэгхэн. Угсаа гарвал нь ичих нуух юм ихтэй. Эхнэр, том хүү нь олны нүдэнд ил байх ч эрх мэдэлдээ ашиглаж эргээд эрх мэдлийг нь ашиглаж байгаа мэт. Н.Энхбаярын гэр бүл гэхээсээсээ илүү  хамсаатан аятай харагддаг.

Эрх мэдэл өөрөө Энхбаяр байлаа. Түүнийг Ерөнхий сайд байхад бүгдийг Ерөнхий сайд л мэддэг болсон. УИХ-ын дарга болоход бүгдийг тэр дарга л мэддэг болсон. Ерөнхийлөгч болсон хойно нь Ерөнхийлөгч л бүгдийг мэддэг байсныг ил, далд бүгд мэддэг. Улс төрийн 20 гаруй жилийнх нь огцом өсөлт, уналтын түүхэнд түүнд наах юм их бий ч, асуух ял ч бас бий. Гэхдээ түүний гай гавъяа хоёрыг энд азная.

Өнөөдрийн нөхцөл дэх Н.Энхбаярыг харахад өндрөөс унасны өвдөлт нь зүрхэнд нь шар ус хуруулж өс хонзонгоо авах гэж гүрээнийхээ судсыг гүрийтэл тийчилж байгаа хөгшин арслан мэт дүрслэгддэг. Түүнийг яггүй зуумтгай, мэргэжлийн хорчинг мэддэгүүд нь нударгандаа нууж буй мэсийг нь тааж ядна, зарим нь гэнэдэнэ. Ойрын зорилго нь бол тодорхой. Шадар сайд цаашлаад Их хурлын дарга бүр дахин Ерөнхийлөгч болох. Энэхүү шазруун хүслээ гүйцэлдүүлэх зальхай аргатай түүнээс улс төрийнхөн үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гэгч болж байна.

Учир нь түүнд мөнхийн дайсан, мөнхийн найз үгүй. Харин түүнд мөнхийн эрх ашиг  бий. Тиймээс Энхбаярыг тойрон хүрээлэгчид нэг бол дараагийн дайсан нь, үгүй бол улыг нь долоогч байдаг гэдэг.

Тэр өөрөө ч “Би бол өөрийнхөө хамгийн том дайсан нь, бас хамгийн үнэнч найз нь” гэж хэлжээ. Тэр зөвхөн өөртөө л итгэдэг. Хэрэгтэй үедээ хэрэглэчихээд хэрэггүй болонгуут нь “нударчихдаг” зантайг нь бишгүй л нэг харж байна. Хамгийн сүүлчийн жишээ бол Г.Шийлэгдамба. Н.Энхбаяр хүнийг нүүрэн дээр нь шүүмжилдэггүй. Харин хөвөнд чулуу боогоод сэмхэн шидчихдэг. Оносон чулуу нүдийг нь тэслэж, тархийг нь хага цохидог.  Г.Шийлэгдамбад намын санхүүжилт олох үүрэг өгөөд олоод ирэнгүүт нь годройтуулчихсан гэж занг нь мэддэг улсууд шинжилж байна.

Н.Энхбаярын сурамгай арга бол хүний алдааг “халаасалдаг” зан. Алдаа хийх арга замыг нь нээж өгөөд алдаа хийнгүүт нь “архивлачихаад” анаж суудаг. Мэдсэн шүү гэхдээ Богд нь энэ удаа өршөөж байна гэсэн аятай нүдээ хагас аниад сууж байдаг гэдэг. Тэр мэхэнд нь олон ч хүн ойчсон.

Н.Энхбаярын хэлсэн, ярьсан бүхэн нь өр төлөөс сануулсан, “ял” асуусан, зуусан үгүй бол матаасны шинж чанартай байх нь гэм биш.  “Би Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон гээд яриад байвал их юм байна...”, “2005 онд юм даа. Би Баярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг Бага хуралд танилцуулж, ногоон гэрлээр гаргасан...”. “С.Батболд нам бусчуудын холбоо гээд явдаг байхад нь дэмжиж, улс төрд оруулж байсан. Бас л нөгөө ногоон гэрлээр орж ирсэн дээ...” гэх мэтээр цааш олныг хэлж болно.  “...Тэглээ гээд би хэн нэгнээс өр нэхдэггүй. Цаашид ч өр нэхэхгүй, харин жудагтай байхыг цаад хүн дуртай ч, дургүй ч байсан шаардах л болно”.   Энэ нь өөрөөр хэлбэл өөртөө үнэнч, үгэнд нь дуулгавартай байхыг шаардах л болно гэсэн үг.  

“...Тийм тийм хүн намайг хатгаад, дундуур худал юм ярьж хагалаад би буруу юм ярьчихлаа, муухай юм хийчихлээ. Та намайг алгадаад, шанаадаад өг” гэж гуйдаг л хүмүүс байсан шүү дээ” гэх мэтээр хоёр үзүүртэй зүү шиг хорон үгс Н.Энхбаяраас  гарна.

Хэн яаж, хаана “бааж, шээж” байснаас нь эхлээд ярьж болно. Би тэдний улстөрчийнх нь хувьд баасан “баас”-ыг нь цэвэрлэж, “шээс”-ийг нь арчиж байсан хүний хувьд бүгдийг нь сайн мэднэ дээ. Яах юм бэ дээ гээд ярьдаггүй юм...”

Энэ бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлэхээр хадгалсан нь мэдээж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн өтөлсөн буурнаас амьд атнууд ингэтлээ чичирч араар өврөөр зусардаж, нэгдэж, хуйвалдах болсны шалтгаан нь энэ.

 Н.Энхбаяр их “хааны” ёсоор өөртөө өчүүхэн ч алдааг нялзаадаггүй бултамхай, булзамхай зантай. Долоон сарын нэгний 5 хүний үхэл, Оросын их өрийн авлига гэх мэт ил тод зүйл дээр хүртэл “би тэгж хэлсэн, загнасан сануулсан харин тэр л тэгсэн, энэ л ингэсэн гэх мэт” өөрөөсөө зайлуулж, бусдыг буруутгасан хариултууд хаа сайгүй бий.

Н.Энхбаяр гэдэг хүний энэ олон жилийн туршид бидний өмнө бүтээсэн дүрийнх нь цаад талд иймэрхүү хүн “үзэгдэнэ”.

Харин өнөөдөр Тэр хэн бэ? Их удирдагч дүрдээ нэгэнтээ автчихсан Н.Энхбаяр эгэл жирийнээр өдөр хоногуудыг үдэх чадвараа нэгэнт алдсан нэгэн болжээ. Н.Энхбаяр “Улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, гаргах ч үгүй юм байна” хэмээн ярилцлага өгсөн. (Baabar.mn Э.Энэрэл) Тэр үнэнээ л хэлсэн нь энэ.

П.Очирбат шиг зөвлөх хийж, Н.Багабанди шиг үзэг шүүрэх хүсэлгүй нэгэн болж. Түүний тархинд өшөөгөө авах их хүсэл буцалж байж болох. Түүний оймсыг гозолзуулсан ч дуугүй болгож чадахгүй. Н.Энхбаяраас айхгүй ч аягүй гэдэг шиг жийрхэцгээж байна.  Түүнд айлгах ямар гээч хүч нуугдаад байна вэ?

hi
2016-02-19 08:54

sain bichij
0 0

2016-02-19 09:21

ёстой алаа хаясан зөв зөв Энхбаяр зайлах ёстой
0 0

2016-02-19 10:32

Үнээн үнэн
0 0

2016-02-19 11:57

муу нохойн гөлөг
0 0

Altaa
2016-02-19 19:51

Энхбаяр авдаг юмаа авсан, хийдэг нүгэлээ хийсэн, тарьдаг гайгаа тарисан.Энэ зэрэгтэй байгаа дээрээ амаа хамхиад, дуугаа хураагаад,мааниа уншаад түлхүүр биш эрхээ эргүүлээд, экс ерөнхийлөгч шиг байх хэрэгтэй дээ.
0 0

Зочин
2016-02-20 10:33

Албан тушаалын төлөө үхэхээс буцахгүй новш.Үхэтлээ идэх хоол чамд байгаа даа.Үлдсэн насаа жаахан хүн чанартай амьдраач.
0 0

Zo chini
2016-02-22 20:38

Ene bvgdiig unshaad uhraasai eo vneheer helehch muu vg oldohgvi bna yuch helj b.san horsloor dvvrcheed ard tvmeng eh ornoo hairlah zvrh setgel tsegnii chineech mur alga bvh bien horsoloor tsusn ergej bnada
0 0

2016-02-26 15:21

ёстой сайхан бичиж Мөнхжинд амжилт
0 0

Зочин
2017-02-21 12:37

Яг үнэн одоо энхбаярыг дахин улс төрд гаргавал хөрамсаад ч барахгүй юм болж 37 оны бүх зүйл эргээд давтагдах магадлал маш өндөр
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих