Өөрийн юм шиг болж буй нийтийн унаа

2015 он Нийтийн тээвэрт шинэ үе авчирсан түүхэн жил


Товч агуулга:

Урьд өмнө нь автобусны хаалга болгоноор зөрөлдөн чихэлддэг байсан зорчигчдын хөдөлгөөн ердөө хэдхэн хоногийн дотор л эрэмбэлэгдсэн. Яав ийв гэхийн зуургүй л урд хаалгаар орж, арынхаар нь буудаг болсон. Энгийн юм шиг санагдаж мэдэх энэ дэг журам бол хотжилтын асар том соёл юм.

Улаанбаатарт 1930-аад оноос автобус явж эхэлсэн юм. Автобус ч юу байхав, тэвшийг нь хайрцаглачихсан ачааны машин анх Улаанбаатар-Амгаланбаатар чиглэлд хүн тээвэрлэж байв. Тэр үеэсээ л манай нийтийн тээвэр “жолооч, кондуктор”-ын суурь бүтэцтэйгээр ажиллаж ирсэн. Мэдээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удирдлагаар хангах диспетчерүүд, засвар арчилгаа хийх техникийн ажилтнууд, баазын өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлдэг ажилчин, албан хаагчид, хяналт шалгалтын алба гээд цаана нь нүсэр бүрэлдэхүүн бий. Яг үйлчилгээндээ бол хоёр хүний бүрэлдэхүүнтэй гардаг зорчигч тээврийн энэ систем 90 шахам жил улам боловсронгуй болж хөгжиж ирсэн. Урт хугацаа шүү. Ийм хугацаанд бүрдэж бүрэлдэн, гүн бат тогтсон системийг бүр сууриар нь шинэчилж өөрчлөх гэдэг амаргүй.

“Кондукторын үе”-ийг залгаж гарч ирсэн U-money карт жижигхэн “бие”-дээ баймгүй том зохицуулалтыг бидний нүдэн дээр хийж байна. Урьд өмнө нь автобусны хаалга болгоноор зөрөлдөн чихэлддэг байсан зорчигчдын хөдөлгөөн ердөө хэдхэн хоногийн дотор л эрэмбэлэгдсэн. Яав ийв гэхийн зуургүй л урд хаалгаар орж, арынхаар нь буудаг болсон. Энгийн юм шиг санагдаж мэдэх энэ дэг журам бол хотжилтын асар том соёл юм. Ийм байдлыг бий болгох гэсэн урьд өмнөх хэд хэдэн оролдлогууд бүтээгүйг өнөө хэр мэдэх хүмүүс бишгүй бий. Буудал дээр дугаарлан зогсож, автобус ирэхээр жагсаж ордог Зөвлөлтийн туршлагыг нэвтрүүлэх гэж оролдсон түүх саяхных. Түүхэн фото альбом, улсын ойн номууд дээр гэрэл зураг тавигдсан л байдаг. Гэвч соёл нэвтрүүлэх гээч санаан зоргоор хийчихдэг юм бишийн тодоос тод жишээ болж архивт л үлдсэн. Харин цахим төлбөрийн ухаалаг картанд зорчигчдыг соёлжуулах асуудал ямар ч төвөггүй байлаа. Монголчууд өөрсдийгөө ийм эмх цэгцэнд орж чадна гэж бараг бодож байгаа ч үгүй байж мэдэх юм.

Зорчигчдод карт “тараасан” ажил цаанаа асар том агуулгатайг мэдэх нь бий, мэдэхгүй хүмүүс бас байгаа л байх. Албан бичигт “нийтийн тээвэрт удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх” гэж нэрлэж бичдэг багц ажил л даа. Автобуснуудад төхөөрөмж суурилуулаад л эхэлсэн ч юм биш. Бүр хотын автозамын ачааллыг зохицуулахаас эхэлсэн гэж болно. Төв хэсэгт замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, том оврын автобусуудад “эзэмшүүлсэн” явдал дэвшилтэт технологи нэвтрүүлэхийн бүрэлдэхүүн хэсэг юм. Мөн буудлуудыг үндсэн замын хэсгээс тусгаарлан, хаалт хашлага хийж, улмаар чиглэл маршрутыг өөрчлөн шинэчилснээр сая цахим системээ суурилуулах фундамент нь бүрдсэн гэж албаны улс тайлбарладаг.

Эдгээр зохицуулалт, шинэчлэлт зайлшгүй байсныг одоо хүмүүс мартагнаад эхэлчихсэн байж магад. Ялимгүй сануулъя. Нэгдүгээр эгнээг тусгаарлаагүй байхад нийтийн унаагаар хэдхэн буудал газар явах гэж өдрийн хагас болдог байсан шүү дээ. Микронуудтай зорчигчоо булаалдан уралдаж, шарваад өнхөрчих шахан сүлжин давхилдсан зарим автобусууд “мах аччихсан” юм шиг явдаг байсныг санах нэг нь санах л байх. Зам, гудамжны хаана ч хамаагүй зогсож зорчигчдоо буулгаж, суулгадаг “сайхан сэтгэлтэй” жолооч нарт хүмүүс их сайн хандана. Орлогод нь огтын нөлөөгүй хөгшин хөвөө, тахир дутуу хүмүүс, хүүхэд шуухадыг хаяад давхичихдаг заримд нь ёс суртахуун, хүн чанарын хичээл заамаар болдоггүй байсан гэж үү. Ааштай кондуктор арчаагүй “туулайнууд”-ыг хөхөртөл хөхөртөл чимхээд явуулах бол гүн энэрэл, харин заалаа дүүртэл хашхичин аашлаад, арын хаалгаар амбаардаж буулгах нь аймшигтай цээрлэл байлаа шүү дээ.

Соёл нэвтрүүлсэн “чонотой” карт зорчигчдын төлбөр тооцооны “явдал үйл”-ийг хачин амар хялбар болгосон нь бас нэгэн давуу тал. Жолоочийн дэргэд суурилуулсан уншигч төхөөрөмжинд картаа ойртуулаад өнгөрөхөд л болно. Тэрхэн агшинд төхөөрөмж картын дансанд байгаа мөнгөний нийт үлдэгдлийг тооцоолж, түүнээс тухайн зорчилтын үнэ болох 500 төгрөгийг суутгаад, уг суутгалын дараах үлдэгдлийг эргээд дэлгэцээрээ мэдээлж амжина. Хормын дотор. Элдэв шалдав эргэлзээ тээнэгэлзээ, ийм тийм хэрүүл маргаан байхгүй. Зорчигчид амар амгалан, жолооч харин илүү хариуцлагатай болсон.

Зорчигч картаараа төлбөр хийж, орлогыг автобусны компаниудад хуваарилах энэ үйл явцыг багц ажлын дотор  “цахим төлбөр тооцооны систем” (Automated fare collection) гэж нэрлээд байгаа юм. Үүний цаана нийтийн тээврийн удирдлагын систем (Bus management system), тээврийн хэрэгслийн мэдээллийн систем (Bus information system) гэсэн ажлууд бас хийгдсэн. Удирдлагын системээр нийслэлд өдөр тутам үйлчилгээнд гарч байгаа 800-1000 автобусны хөдөлгөөн, ажилласан цаг, цагийн менежмент зэргийг бүхэлд нь нэг бүрчлэн хянах, эвдрэл, гэмтэл гарвал түргэн шуурхай ажиллагааг хангах гэх мэтээр иж бүрэн удирддаг. Харин тээврийн хэрэгслийн мэдээллийн систем зорчигчид, автобус компаниудыг мэдээллээр хангахад чиглэсэн. Эхний ээлжинд андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд зориулсан “UB Smart Bus” нэртэй программ гаргаад байгаа. Тун удахгүй энэ программын IOS үйлдлийн системд зориулсан хувилбар нь гарна. Энэ программаар зорчигч гэрээсээ интернэтээр болон гар утасны сүлжээгээр үйлчлүүлэх автобусныхаа тухай мэдээллийг аваад, өөрийн ажил төрөл, цаг бололцоог уялдуулж болох боломж бүрдэх юм. Буудал дээр биш гэртээ л автобусаа хүлээж сууна аа гэсэн үг. Гараад өөрийнхөө унаанд сууж байгаа юм шигээр нийтийн автобусыг “хэрэглэж” болох нь. Юм хөгжинө өө гэж...

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих