Ажилгүйдлээс хасагдагсад

Тоон үзүүлэлт яагаад “хэвийн” гардаг вэ?


Товч агуулга:

Бизнес секторын үйл ажиллагаа жил ирэх тутам агшиж, ялангуяа уул уурхайн салбар хүндрэлийнхээ дээд цэгт хүрчихсэн байхад ажилгүйдлийн түвшин бараг хөдлөхгүй байна гэхээр үнэмшихэд бэрх.

Нийгмийн тулгамдсан асуудлуудын “марафоныг” ажилгүйдэл тэргүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна. Үндсэндээ сүүлийн гурван жил “тэр” хошуучлагчаараа байгаа. Судалгааны байгууллагуудын хийсэн санал асуулгаар шүү дээ. Харин Улсын бүртгэл, статистикийн газрын дүн мэдээ үргэлж өөр заалттай гардгийг бид мэднэ.

 

Зураг дээрх ажилгүйдлийн түвшний хэлбэлзэл мэдэгдэхтэй, үгүйтэй байгааг анзаарч байгаа байх. Эдийн засгийн хямралт байдлаас хамгийн түрүүнд бий болдог сөрөг үзэгдэл нь ажилгүйдэл байдаг. Араасаа тэгээд ядуурал дагуулдаг. Бизнес секторын үйл ажиллагаа жил ирэх тутам агшиж, ялангуяа уул уурхайн салбар хүндрэлийнхээ дээд цэгт хүрчихсэн байхад ажилгүйдлийн түвшин бараг хөдлөхгүй байна гэхээр үнэмшихэд бэрх.

Статистикийн газрын график зургийн гарчгийг тогтож харна уу. Урт өгүүлбэрийн дотор байгаа “хасагдсан иргэд” гэсэн үг чухам ямар аргачлал илэрхийлээд байна вэ?

Энд харин ажил эрхлэлтийн сүүлийн таван жилийн үзүүлэлтүүдийг харьцуулжээ. 2015 онд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 122819, бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэний тоо 27719 байхад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо  32788 байна. Эдгээр үзүүлэлтүүдийг өмнөх оныхтой нь харгалзуулан харьцуулж үзвэл, шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 11.9 хувиар, бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэний тоо 1.1 хувиар тус тус өссөн байхад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 11.3 хувиар буурсан байна.

Үүний учрыг зарим эх сурвалжаас лавлавал, 2015 онд 99282 иргэн “ажил хайхгүй байгаа” гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Ерөөсөө статистикийн газрынхан ажилгүйчүүдийн бүртгэлд нэг жил хүртэл хугацаанд байсан иргэдийг “идэвхтэйгээр ажил хайхгүй байгаа” гэж үзээд хасч тооцсоор ирсэн байгаа юм. Тодруулбал, ердөө “нэг жил” гэсэн шалгууртаа хайрцаглаад автоматаар баллуурдчихдаг гэсэн үг. Түүнээс биш жагсаалтад байсан хүмүүс ажилтай болоод, амьдрал нь сайжраад, оргил өөд өгсөж одсон хэрэг огтхон ч биш юм байна л даа. Тиймээс л ажилгүйдлийн түвшин албан мэдээнд “хэлбэлзэлгүй”, “хэвийн” гэсэн байдалтайгаар үргэлж гарч ирдэг юм байна.

Хасагдсан иргэдийн тоо бараг 100 мянгад тулж очсоноос бид ямар дүгнэлт хийж болох вэ? Тэд ажил хайхгүй байна уу, эсвэл ажил огт олдохгүй байна уу?

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих