“Чалко”-гийн урт сүүлтэй өр

Зүүн Цанхид олборлолт эхэлжээ


Товч агуулга:

Махмахоны гэрээг цуцалсан гол шалтгаан нь олборлолтын өртөг. Өртөг зардлаа багасгаж, өр төлөлтөө нэмэгдүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” дахиад л "TT JV Co"-д шахалт үзүүлж эхэлснээр ноднин жилийн эхээр ажил зогссон.

“Чалко”-д төлөх өрийн үлдэгдэл 120 сая ам.доллар болсныг “Эрдэнэс Тавантолгой” мэдээллээ. Хоёр жил гаруйн өмнөх 160 сая ам.долларын үлдэгдлээр тооцвол төлөлт асар удаан байгааг харж болно. Өнгөрсөн онд Зүүн цанхийн олборлолт үндсэндээ таг зогссон. Энэ Зүүн Цанхийг “өрийн уурхай” гээд нэрлэчихвэл нэг их зөрөхгүй л дээ. Австралийн Махмахон компани гүйцэтгэгчээр ажиллаж байсныг бараг хөөж гаргасан. Албан найруулгаар бол “манай талын санаачилгаар” гэдэг.

Эдийн засгийн өсөлтийнхөө оргил үед тавьсан зээлийн нөхцөл өнөөдрийн уналтын үед даашгүй дарамт болон тусч байгаагийн нөлөөлөл Зүүн Цанхийн зогсолт юм. Ажилчдын суулт, өөрөө өөрийгөө шатаасан үйл явдал гээд бөөн дуулиан дэгдсэн. Шум нь өнөө хэр  намдаагүй шахам байгаа ч энэ нэгдүгээр сараас олборлолт эхэлсэн тухай таатай мэдээ дуулдаж буй.

Махмахоны гэрээг цуцалсан гол шалтгаан нь олборлолтын өртөг. Тэдний өртөг хэтэрхий өндөр байна гэж үзсэнээс гаргаж явуулсан.  "TT JV Co" компани анх орж ирэхэд тонн нүүрсний үнийг уурхайн аман дээр 40 ам.доллараар тооцож байлаа. Энэ Хятадын компанийн өртөг Австралийнхаас бага ч гэлээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд мөн л дарамттай болж хувирсан нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа, өмнөд хөрш маань импортоо хумьсантай холбоотой.

Өртөг зардлаа багасгаж, өр төлөлтөө нэмэгдүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” дахиад л "TT JV Co"-д шахалт үзүүлж эхэлснээр ноднин жилийн эхээр ажил зогссон. Цаадуул нь мэдээж нөхцөл шаардлагаа тавьсны нэг нь “өөрийн ажилчдаар ажил гүйцэтгэх” зарчмын санал байсан. Олборлолтыг "TT JV Co" компани явуулж байгаа, тэнд нь “Эрдэнэс Тавантолгойн” ажилчид ажиллаж байгаа гэх энэ хамтын ажиллагааны харилцааг эрүүл саруулаар сэтгэхэд ойлгомж тун муутай л даа. Цаашлаад олборлосон нүүрснийхээ тодорхой хувийг өөрсдөө авах санал тавьсан.

“Эрдэнэс Тавантолгой” гүйцэтгэгч компанид гэрээний дагуу төлбөр төлөхөөс гадна тэнд ажиллуулж байгаа өөрийн ажилчдын цалинг өгдөг байсан. Гэрээний төлбөрт тонн тутамд 46.6 ам.доллар өгч байсан гэхээр 2011 оны өсөлт Монголын эдийн засгийг бүхэлд нь асар өндөр хэмжээнд хөөсрүүлчихсэн байж.

Одоо Тавантолгойн коксжих нүүрс уурхайн аман дээр 26 ам.доллар, хилийн боомт дээр 80 гаруй ам.доллароор үнэлэгдэж байна. "TT JV Co" компанитай “Эрдэнэс Тавантолгой” олборлолтын төлбөрийг 23 ам.доллараар тохиролцож, үүндээ ажилчдын цалин болон бусад зардлаа шингээж чадлаа. Харин гүйцэтгэгчид нүүрсний тодорхой хувийг өгөхөөр “Чалко”-гийн өр төлөлт тэр хэмжээгээр удааширч таарна. Гэхдээ сул зогсож, хүү, алдангидаа шатаж байснаас хамаагүй дээр л дээ.

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих