Олон ангит кинонд дурлагсад сэтгэгдлээ хуваалцаж байна

“Сериал”-ын сайхан нь юу юм?


Товч агуулга:

  • Царайлаг, соёлтой дөрвөн залуугийн хайр дурлал Эрх мэдлийн төлөө улайрагчид юунд хүрсэн бол...

Д.Цэнгэл- Хуульч (25 настай эмэгтэй)

Би хаант улсын төлөөх тэмцэл, дайн байлдааны тухай зөгнөлт кино үзэх дуртай. Миний үзсэн зөгнөлт кинон дундаас хамгийн сонирхолтой нь “Game of Thrones”.  Хаант улсын хаан хатан нар эрх мэдлийн төлөө яаж улайрч, нэгнээ үгүй хийж байгаа, хүний шунал хүсэл ихэдхээрээ ямар аймшигт үйлдэл гаргаж байгааг харуулсан. Тэд нэгнийгээ алж, хаан ширээний төлөө ах дүүсийн холбоогоо тасалдаг. Үр хүүхэдтэй болж амьдралаа холбосон эхнэр, нөхөр хаан сэнтийгээс болоод биенээ устгадаг. Энэ бусармаг явдал үр хойчдоо үргэлжилдэг нь үнэхээр жигшмээр. Петер Динклэйж, Эмили Кларк, Лена Хэйди, Кит Хартингтон нар гол дүрд нь тоглосон. тер Динклэйжийн тоглосон Тайрон Ланнистэрийн дүр маш ухаантай, зальтай дүр л дээ. Тэр асар том бодлоготой, алсын хараатай хүн шүү. Ер нь энэ кино хүний муу санаа, жаахан юманд бүдрэх гэнэн занг гаргасан гэж би боддог.


 

А.Цолмон – Сэтгүүлч  (26 настай эмэгтэй)

Царайлаг, соёлтой дөрвөн залуугийн хайр дурлалын тухай “Боловсон эрчүүд” киног би үздэг. Дөрвөн найз эрэгтэй бүтэлгүй хайраа өөрийн болгохын төлөө бүх  хүчээ дайчилж байгааг хөгжилтэй байдлаар үзүүлсэн  нь надад таалагддаг юм. Миний төлөө хэн нэгэн ийм үйлдэл хийгээсэй гэж би хүсдэг. Гол дүрийн жүжигчид бүгд маш цэвэрхэн хувцасладаг. Ялангуяа Ким Ха Неүлийн бүтээсэн Сео Еи Сүгийн дүр үнэхээр тасархай. Царайлаг, бие хаа сайтай залуу үргэлж бариу өмд, тод өнгийн хүрэм өмсөнө. Түүнд энэ хувцаслалт нь үнэхээр зохидог, би тэр залууг харах дуртай шүү. Ер нь  “Боловсон эрчүүд” кино бусад солонгос олон ангит киноноос нэлээд ялгаатай.  Янз бүрийн өшөө хорсол, өвчин зовлон гардаггүй.  Солонгос залуус бүгд ийм найрсаг, соёлтой, гоё хувцасладаг болов уу гэсэн бодол төрүүлдэг.  


 
Б.Оюумаа – Дипломатч  (23 настай эмэгтэй)

Би Оросын “Гал тогоо” олон ангит инээдмийн кинонд бүрэн утгаараа донтчихсон. Рестораны гал тогоонд өрнөж байгаа үйл явдал, тогооч нарын өдөр тутмын амьдралын тухай сонирхолтой үзүүлдэг. Хамгийн гоё нь олон ангит кино мөртлөө анги бүрт өөр өөр үйл явдал өрнөдөгт байгаа юм. Гол дүрийн  ахлах тогоочийг за нөгөөх маань энэ ангид  юу хийж балайг нь авах бол, ямар холион бантан хутгах бол  гэж бодохоор л хурдан харьж киногоо үзмээр санагддаг. Ахлах тогоочийн гал тогоонд өрнүүлж байгаа хорлонтой бүтэлгүй үйл явдал нь үнэхээр хөгжилтэй. Гэхдээ түүний хоол хийх чадвар, авъяас сэтгэмжийг биширмээр. Энэ киног үзэхээр хүн зүгээр цадахын тулд хоол иддэггүй. Үнэрлэх, харах гээд бүх мэдрэхүйгээрээ таашаал авах гэж хооллох ёстойг ойлгодог. Үзэж сууж байхад гэнэт гоё хоол хиймээр санагдуулдаг кино шүү дээ. Одоо дахиад шинэ анги хийгдэж байгаа гэсэн. Гарахыг нь тэсэн ядан хүлээж байна.


 

А.Маргад-Эрдэнэ – Машинист (28 настай эрэгтэй)

Манай гэрийнхэн Америкийн олон ангит “Friends” цувралыг хэд дахин үзэж байна. Хүний өдөр тутмын амьдрал, нөхөрлөл, хайр дурлал гээд амьдралд тохиолддог бүхнийг зургаан найзаар гаргасан. Үзээд суухад хэзээ ч уйдахааргүй хөгжилтэй кино л доо. Гол дүрийн зургаан жүжигчнээс Кортни Кокс, Женнифэр Анистон нарын дүрд би  дуртай. Тэдний кинонд  биеэ авч яваа байдал, зан ааш, үзэл бодол нь таалагддаг. Ер нь бол тэр хоёрын дүр миний сонирхдог охидтой  төстэй.  Маш энгийн хөгжилтэй байж чаддаг. Үзээд дуусахаар найзуудтайгаа ингэж нэг дор амьдрах юмсан. Хайртай бүсгүйтэйгээ ингэж амьдардаг байсан бол гээд л киноны амьдралыг мөрөөднө дөө. Энэ киноноос үзэгчийн авах ёстой гол мессэж нь найз гэж хэн бэ? Найз ямар үед хамт байж , ямар үед юу гэж зөвлөх ёстой вэ гэдгийг ойлгуулдаг.


 
Х. Ганцэцэг – Оюутан (20 настай эмэгтэй)

Дуучин, бүжигчин болох хүсэлтэй өсвөр насны охид, хөвгүүд урлагийн сургуульд элсэн орж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа тухай өгүүлдэг  “Мөрөөдлөөс ч илүү” нэртэй кино. Би энэ киног анх жүжигчнээс нь болж үзсэн. Хоёрдугаар бүлэгт миний сонсох дуртай T-ARA хамтлагийн дуучин тоглодог. Дуртай дуучнаа харахын тулд үзэж эхэлсэн чинь таалагдаад, нөхөж нэгдүгээр бүлгээс нь эхлээд шөнөжин үзэж суудаг байлаа. Жүжигчид дундаас Ок Тэк-Ёны бүтээсэн Жин Гүүкийн дүр хамгийн сэтгэл хөдөлгөм. Тэр бол хайрын төлөө юу ч хийхэд бэлэн, мөрөөдлийнхөө төлөө тэмцэгч, авъяаслаг залуу. Ядаж байхад дэндүү царайлаг. Түүний харц, үйл хөдөлгөөнөөс харцаа салгахын аргагүй. Ерөнхийдөө киноны гол санаа нь хүнд мөрөөдөл байгаад түүнийхээ төлөө зоригтой, зорилготой байж чадвал бүхнийг даван туулж болдгийг харуулсан. Өөрийгөө мэдэрч амжаагүй яваа өсвөр насныхан үзэхэд тохиромжтой байх. Би энэ киноноос мөрөөдлөө олж авсан шүү.  

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих