Шүүрний чимээ

Тэр гүн хар нүдийг таг мартаж орхисондоо юу? Эсвэл тэр нүдний эзэн хог шүүрдэж байсанд уу?


Товч агуулга:

  • Гудамжны хогийг дэрсэн шүүрээр зайлуулдаг....
  • Хүний сэтгэлийн хогийг юугаар холдуулдаг юм бол...?!

Гүн нойрноос гэнэтхэн сэрээд алгуурхнаар нүдээ нээхэд ширрд ширрд гэх шүүрний чимээ сонстоно. Өглөө эртийн эрт эл хульхан гудамжинд энэ чимээ их тод дуулддаг юм. Өвөл, хавар, намар, зун энэ чимээ тасрахгүй өглөө бүр намайг сэрээнэ. Сэрэнгүүтээ чих тавина...тэр чимээг дуулдан дуулдтал хүлээнэ...

Цонхон дороос нэгэн хэмнэлээр ширрд ширрд гэх чимээг чагнаж хэвтэхдээ муу хувцастай, гундсан царайтай өвгөнийг дотроо дүрсэлнэ. Түүнийг өнөө оройн хоолныхоо төлөө хог шүүрддэг гэж итгэнэ. Хэцүү амьдралынх нь талаар сэтгэлдээ элдвийг хураана. Гэвч нэг л мэдэхэд шүүрний чимээ гудамжны чимээнд дарагдсан уу эсвэл өөрөө мартчихсан уу ажилдаа яарч гэрээсээ гарсан байдаг.

Нэгэн өглөө сэрээд танил шүүрний чимээ үгүй болохыг мэдэв. Чих тавин хүлээв... орондоо хэвтэн хүлээв.

ХҮЛЭЭСЭЭР...НЭГ ӨГЛӨӨ...ХОЁР ӨГЛӨӨ...ГУРАВ ДАХЬ ӨГЛӨӨ АЛГА...ЧИВ ЧИМЭЭГҮЙ... Гэтэл дөрөв дэх өглөө тасалданги хурдан хэмнэлээр ширрд ширрд... Тэр биш байна... Хаачсан юм бол?!  Гурван өглөө гунигтай биш ч, нэг л юм дутуу... тогтворгүй...Тэр чимээ өглөө байж, тэр чимээ эхлэл байж...

ХАРИН ТАВ ДАХЬ ӨГЛӨӨ ЯГ ЦАГТАА ТАНИЛ ХЭМНЭЛ ШИРРД ШИРРД... Баярлах ч шиг, хувцсаа хам хум өмсөөд яаран гарлаа. Яах гэж тэр вэ? Хариулт байсангүй. Хариулт байх албатай ч биш...

Бараг цонхон дор шахуу битүү хувцастай нэгэн цааш харан шүүрдэнэ. Юу ч болоогүй мэт яг дэргэдүүр нь гарав. Гэнэт түүнийг эгцлэн харчихлаа. Цэл залуухан гүн хар нүд...бусдыг нь баглаад боочихож. Их усны цээлд гэнэт хөл алдан сул унах мэт тэр нүд... Ай ямар гүн... Ай яасан танил..Гил хар нүд...танил...танил...

Гэвч... гэвч... энэ нүдийг хаана харлаа...Хаана?...Хаана? Тэр нүд сэтгэл тэмтэрч, зүрх базав. Ороолтоо унжуулчихсан энгэр задгай намайг цоо ширтсэн тэр нүд гэнэт тулгарсан шигээ гэнэт цааш эргэн нөгөө л хэмнэлээрээ ширрд ширрд...

Толгойгоо хаалганд цохих хүртлээ...Хаана харлаа...? Хаана харлаа...? Хэн билээ...? Нээрээ, нээрээ, тийм...Тэр байна?!...Тэр...?! Миний хайртай хар нүд....16 насны минь анхны хайр...

Арай ч дээ...! Гэхдээ юуг арай ч дээ гэж...Тэр гүн хар нүдийг таг мартаж орхисондоо юу? Эсвэл тэр нүдний эзэн хог шүүрдэж байсанд  уу? Юуг би арай ч дээ гэнэм...Түүний нүд цэл залуухнаараа үлдчихэж... тогтчихож... Гэтэл би түүний тэр нүдийг, түүний төлөө тэмүүлж байснаа аль хэдийнэ сэтгэлээсээ шүүрдчихэж...яг л хог шиг шүүрдээд хаячихаж...арай ч дээ...

Уймруулж орхидог увидаст нүдтэй, эршүүд хөмсөг, нимгэн уруул, шулуун хамартай ухаалаг тэр нэгэн хөвгүүний төлөө нойргүй хонож, дэрээ норгож байгаагүй гэж үү? Нууцлаг, даруухан хар нүдэт охидын  мөрөөдөл байсан. ГЭВЧ ЦАГ ХУГАЦАА ТҮҮНИЙГ ХЭЗЭЭ ИЙШ НЬ ШҮҮРДЧИХЭЭ ВЭ? Эцэг, эх хоёртойгоо хамт осолд орж өөрөө арайхийн амьд үлдсэн сураг дуулдсан санагдана. Хүний ганц үр шүү дээ тэр...Зоргоороо болох биш дээ, заримдаа. ЗОВЛОНГИЙН ШҮҮРЭНД ТУУГДАХ, ЦАГИЙН ШУУРГАНД ХӨӨГДӨХ...

СЭТГЭЛЭЭ, ДУРСАМЖАА ХОГИЙН САВ УХАХ МЭТ НЭГЖИВ...ОНГИЧИВ. Тэндээс хуримтлагдсан, хураагдсан, мартагдсан, орхигдсон, үзэн ядсан, өширхсөн өчнөөн их “хог” гарав. СЭТГЭЛ МИНЬ ӨНГӨРСӨН ЦАГААР ДҮҮРЭВ. Харин түүний тухай бодоход гэгээн сайхан, гэнэн нандин дурсамжууд тодров. Хогон дундаас хуримын бөгжөө гэнэт олох мэт гялсхийнэ, гэгээ татна сэтгэл.

Өнгөрсөн цагийн сайхан бүхнээ одоо цагийн “хогонд” даруулаад мартчихаж... Тэр мөн байна...Тэгэвч...тэгэвч түүний зүг алхатлаа сэтгэл минь гэгээн бишийг ухаарав. Өнгөрсөн цаг...одоо цагийн заагт эцэст нь гуниглан сууна. Тэр хог шүүрддэг хүн...Тэр зүгээр л хог шүүрддэг хүн шүү дээ гэж хүчлэн бодно. Тэр өнгөрсөн цаг...Харин би өөрөө хэзээ юм бэ?

Гудамжны хогийг дэрсэн шүүрээр зайлуулдаг....Харин хүний сэтгэлийн хогийг юугаар холдуулдаг юм бол...?!

zochin
2015-10-31 10:01

iim l setgelee ongichih niitlel uguulluud tanaid orj bgad bayartai bn
1 0

Zulaa
2015-11-03 22:42

Shimten shimten unshlaa, setgeliin utsiig hondoj chadah yumaa ta... Urgelj
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих