Чернила

Сайхан бичигтэн болсон түүх


Дурсамжаа сэргээцгээе... 1980-1990 оны хүүхдүүдээс сурагч насандаа чернил хэрэглээгүй хүн ховор болов уу. Хэдий би 1990 оны сүүлээр сургуульд орж үзэг чернил гэдэг зүйлтэй нөхөрлөсөн ч энэ хоёртой холбоотой хөгтэй дурсамжууд цөөнгүй.

Анги, сургууль, тэр байтугай бүх арван жилийн хүүхдүүдийн дунд сайхан бичигтэн шалгаруулдаг байлаа. Та нар санаж байгаа биз дээ? Чернил уудаг дэвтэр дээрээ хэрэндээ л үзгээ баалуулчихгүй гэсэндээ болгоомжлон чамбай бичиж, зохион бичлэг, хуулан бичлэг зэргийг хамаг сэтгэлээсээ бичээд л. Сэтгэлээ зориулж хичээнгүйлэн бичсэн түүнийгээ харахад өөртөө ямар их баярлаж, урам зориг авч, аав, ээж, ах эгчдээ үзүүлж онгирч хөөрөөд л...Маргааш багшдаа үзүүлнэ гэхээс догдлон дутуу унтдаг байснаа санахад одоо комьютерийн ард 10 хуруугаа хөдөлгөөд хэдэн товчлуур дараад сууж байгаатайгаа харьцуулахад, зүйрлэшгүй хөдөлмөр бас сэтгэл.

Чернилтэй холбоотой олон хөгийн юм болж байсаан байсан. Анги дээр өрнөж буй үйл явдлаар кино хийсэн ч болохоор тийм л адал явдалтай өнгөрдөг байлаа. Хөвгүүдээр шоглуулаад сайхан цагаан паарчиг руугаа хайр найргүй чернил цацуулчихаад уйлах нь энүүхэнд, үзгээ гарахгүй болохоор ширээнийхээ буланд чернилээсээ дусааж байгаад л бичнэ, дараа нь их цэвэрлэгээгээр ширээгээ сайхан угаана, чернил дуусвал ширээний найзаасаа чернилийг нь гуйх гэж бараг л жүжиг тавинаа, баалдаг үзэгтэй яриад ч юу гэхэв, жинхэнэ аюул. Харин хамгийн хэрэгтэй тэгсэн хэрнээ хамгийн ховор уудаг цаас авралын цагаан од байлаа.  Гэхдээ цагаан одоос илүү аргалын үнсээр чернилээ уулгадаг байсан нь ах эгч нарын нарийн арга байж.

Ах эгч дурсамжаа ярихад, гарахгүй үзгээ амандаа хийж чийглээд, зарим нь чернилээ санаандгүй сорчихдог байж л дээ. Хамгийн инээдтэй нь үсний угаас сорсон чернил нь салхин цэцэгдэх үед түрхдэг шиг тодроод л гараад ирдэг байж.

Юутай ч өнөөдөр үзгээ аваад бичихэд гарыг минь чилтэл бичүүлдэг байсан багшдаа баярлаж, бичгийн хэвээ анзаарч суухад сэтгэл нэг л тэнэгэр байх юм даа.

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих