Гуравхан хоногийн тэвчээр

Тэс, тэвч тэгвэл цаана нь амжилт бий


Товч агуулга:

  • Бие, сэтгэл хоёрын хүсэл хол зөрөөтэй хойно доо...
  • Тэвчээрийн чинь хязгаар 3-хан хоногийг давах уу?

Хүний тэвчээрийн хязгаар хаана хүрдэг вэ?  Хүний тэвчээр  аргагүй нөхцөл байдалд хаана ч хүрч мэднэ. Гэхдээ зоргоороо, зовлонгүй бидний үед тэвчээрийн хязгаар амттай хоол харахаараа, дэгжин гутал, хувцас үзэхээрээ, хатуухан үг сонсохоороо тэгсгээд л алдарчихдаг талтай.

 

Жингээ хасахад

Турах тухай 20 жил ярьж, 30 жил мөрөөдсөн ч хүндийн жин нь өгссөөр, ходоодны хэмжээ нь сунасаар байгаа хүний тэвчээрийн хязгаар бол хагас өдрийн л настай. Өглөө нь эрс шийдвэр гаргаж өдөржин өлөн гүйгээд орой нь хоолны үнэрээр ангасан мал шиг дайрахад тэвчээр хүрэхгүй нь ойлгомжтой. Гэтэл гуравхан хоногийн зовлонг давчих юм бол цаана нь жингээ хаях зам гэрэлтээд ирдгийг мэддэггүй. Гуравхан хоногт иддэг хоолныхоо порцыг 50 хувиар багасгаж илүү дутуу амаа хөдөлгөдөг зуршлаа орхиод өөх тосныхоо дур хүслийг дарахад бие аяндаа зохицдог. Эхний өдөр үхэтлээ өлсөнө, болимоор зогсмоор бодогдоно. Тэсч үз. Дараагийн өдөр ухармаар шантармаар уур хүрмээр болно. Тэвчиж үз. Гурав дахь өдөр гунимаар, унамаар ч болж мэднэ. Гутралгүй дав. Дөрөв дэх өдөр бие өөрөө хөнгөрөөд, ходоод өөрөө агшаад, хоол өөрөө бодогдохоо болино. Гэхдээ хар уснаас өөр юм хэлэндээ бүү ойртуул гэсэн үг биш шүү. Гурав хоног бага ид, зөв ид. Тэвч. Тэгээд  дараа нь хар.

 

Фитнест

Брэндийн спортын хувцас хэрэглэл, цүнх сав иж бүрнээр нь бэлдэж аваад л гоёмсог савтай ус хэдэн литрээр нь ганзагалаад фитнес клубт ирдэг хүн бий. Эхний өдөр эрвэлзэж дэрвэлзээд л багшаас тусгайлан зөвлөгөө аваад л сүрхий байна. Хэдэн дасгал хийлгүүлээ, маргааш нь мад тавиулчихсан баахан өвчин ярьсан хүн орж ирнэ. Хөндүүрлээд байна гэсээр хэсэг ангайж амьтан хүн харсаар тэгсгээд буцна. Нөгөөдөр нь нэлээд орой хаалгаар цухуйхдаа бууж өгөх цагаан тугаа өргөчихсөн зогсож байдаг. Уг нь багшийн дасгалыг гуравхан өдөр тэвчээд  хийчихдэг бол буларсан бие нь командаа ойлгоод турах явц нь аяндаа өрнөдөг гэдэг. Гэвч буларчихлаа гээд амраад байгаа нь эхлэлийн цэг дээрээ эргэн эргэн ирсээр л байна гэсэн үг. Хөндүүрлэнэ үү, буларна уу, хөлс нь цувна уу хамаагүй эхний гуравхан өдрийг л шүдээ зуугаад гаталж гар.

 

Гадаад хэл сурах

Гадаад хэл сурах гайхамшигт мөрөөдөлтэй хүн хаа сайгүй. Олон янзын толь бичиг, өөрөө сурах өрөөлөөр заалгах үнэтэй ном, элдэв зөвлөгөөний арвин цуглуулгатай. Цуглуулга нь бас болоогүй ээ 10, 20 жилийн урт түүхтэй. Гэвч шунгаж ороод шуударч зориод ноцолдсон юм ер үгүй. Сэрвүүхэн барьцтай бөх гэдэг шиг л тойрч дэвээстэй. Гэвч гэрээрээ англи хэл яггүй сайн сурсан настай багшийн маань туршлагаар зүгээр л барьж аваад гурав хоног бараг нойргүй нам суучихсан гэдэг. Эхний өдөр юу ч ойлгоогүй, залхсан, ядарсан хөшиж хөөрсөн гэнэ. Хоёр дахь хоног дээрээ харахаас дургүй нь хүрсэн ч өөрийгөө хүчлээд суугаад л үзэлцээд байж. Гурав дахь хоногоо давахад л эмнэг морь эмээл, хазаартаа дөрлүүлж дасдаг шиг л хангал догшин оюун ухаан нь номхроод ирж. Тэгэхээр хэл сурахаар нэгэнт шийдсэн бол тойрч гүйгээд бууж өгөхгүй байгаа биеийг суулга, хангал догшин оюун ухаанаа буруу зөвгүй гуяд. Ялангуяа эхний гурав хоногт.

 

Орчноо солих

Гэнэт шинэ хүмүүсийн дунд орох, шинэ ажилд орох, өөр оронд очих гэх мэт гэнэтийн эвгүйцэл дунд хүн ордог. Үгүй бол хүмүүсийн дунд алдаа гаргах. Ийм үед хаанаас ч хамаагүй өргөс хатгах гэж байгаа мэт таагүй байдал үүсдэг. Харин энэ ваакумжсан орчныг гэтлэхэд гурав хоног л хангалттай. Гэнэт цаг агаар солигдох, цагийн зөрүү, толгойны эргээ гарахгүй байх. Нүүр хагарахад гурав хоног хангалттай. Явж өгөхгүй байгаа цаг хугацаа, өөр дээр чинь ирээд наалдчихсан олон нүдийг зайлуулахад гурав хоног тэсэх хэрэгтэй. Тэгсгээд аяндаа болно, номондоо орно. Тиймээс гурав хоногийн тэвчээр зорьсондоо хүрэх үү, зоргоороо үлдэх үү гэдгийг чинь төвөггүйхэн шийдэх нь. ЕР НЬ БИЕ, ТАРХИ ХОЁРЫН ХҮСЭЛ ХАА ХОЛ ЗӨРДӨГ ГЭДГИЙГ МЭДНЭ БИЗ ДЭЭ. ТАРХИНЫ МӨРӨӨДЛӨӨ СОНГОХ УУ, БИЕИЙН ЖАРГАЛАА ДАГАХ УУ ӨӨРӨӨ Л МЭД.

chi shu
2015-11-10 01:41

haha goy
1 0

eegii
2015-11-10 09:04

hooh unen mundag zorig orson surgamj bh chin mundag yumaa neeree
1 0

Mrtbr
2015-11-10 12:57

YNEN YNEN
0 0

like
2015-11-15 01:00

tanai site-d suuliin uyed uneheer durtai bolj bga shu eldev stressgui iim goyo niitleluud bicheed. ulam mundag boloroi
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих