Нэгэн цаг үеийг эзлэгчид

Нэрт найруулагч нараас эшлэв


Товч агуулга:

  • Урлаг бол тэр чигээрээ хүн судлал байдаг
  • Би найруулагч гэж хэлэх хэцүү. Гол нь хүн л байх хэрэгтэй. Хүн л байх ёстой гэж боддог
  • Биднийг бурхан өршөөг

Монголын кино урлагийн түүхэнд олон нэрт найруулагчид алдраа сийлэн үлдээсэн ч тэдний хэлсэн үгс, өгсөн ярилцлага цөөхөн аж. Р.Доржпалам, Д.Жигжид, Б.Сумхүү, Д.Хишигт, Ж.Бунтар, Д.Чимэд-Осор, Б.Нагнайдорж, Ж.Сэлэнгэсүрэн зэрэг олон найруулагч нарыг цол гуншингаар нь биш бүтээсэн бүтээлээр нь, өөрөө тоглосон дүрээр нь үзэгчид мэддэг.

 

 

Найруулагч Б.Балжинням Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн 

Би найруулагч гэж хэлэх хэцүү. Гол нь хүн л байх хэрэгтэй. Хүн л байх ёстой гэж боддог.

Кино үйлдвэр гэдэг байшин биш юм. Тэр тусмаа кино урлаг гэдэг барилга биш. Үүн дотор хүн гэж байна. Сайн мэргэжилтэнг сайн багш бэлтгэнэ. Сайн сургууль сайн мэргэжилтэнг төгсгөнө. Залуучуудын хийсэн кино хүмүүст наалдахгүй байна гэж ярьдаг. Ихэвчлэн хуучны киног сайн гэдэг. Үнэндээ хуучны кино болгон сайн биш, эрээнтэй, бараантай байсан. Одоо цензур гээч юм байгаасай. Улсаас зориуд цензурдэх биш уран бүтээлч өөртөө тавьдаг, үзэгчид бас шаардлага өндөртэй байгаасай. Манай үзэгчид намайг уучлах байх. Үзэгчдийг бас голмоор байна. Үүнийг бид бодох биш, бодлого хэрэгжүүлэгч толгойдоо тусгах хэрэгтэй.

Ядаж л кино үйлдвэрээ өнгөтэй өөдтэй болгож, шинэ технологи нэвтрүүлэх юм бол олон сайхан залуус өргөөд явчихна. Төр засаг ирээдүйгээ бодож, кино урлагтаа хэдэн төгрөг өгдөг байгаасай гэж бодох юм.

Манайхан жижиг гээд л жижиг юм яриад жижигхэн л юм хийгээд байдаг. Би бол харин Монгол улсаа Баян уу? Баян. Том уу? Том л гэж боддог юм.

(Монгол Тулгатны 100 эрхэм)

 

Найруулагч  Х.Дамдин  Урлагийн гавьяат зүтгэлтэн

Үндэсний гэх тодотголтой цөөн хэдэн барилга байшин, сүм хийдээ засч янзалж, хайрлаж хамгаалах цаг болсон

Манай өнөөгийн төр, засгийн удирдагчид та нарынхаа санаа бодлыг сонсч байж шийдвэрээ гаргана гэж ярьдаг боловч хэнээс ч асуулгүй тогтоол, шийдвэрээ гаргаад шууд хэрэгжүүлээд явчихдаг. Тухайлбал, Сүхбаатарын талбайг Чингисийнх болгож өөрчлөх санал санаачилгыг хотын дарга гаргаад нийслэлийн ИТХ-ын цөөхөн гишүүн баталчихаж байх жишээтэй. Энэ газрыг зүгээр нэг сонгочихсон ч юм биш. Ардын журамт цэрэг 1921 онд Да хүрээг чөлөөлсний дараа их жанжин Д.Сүхбаатар ард түмэндээ хандаж, эрх чөлөөгөө тунхаглаж үг хэлсэн газар нь энэ.

Чингисийн талбайг хар. Төрийн ордны үүдийг сахиж суугаа ганц хөшөө, хоёр талд нь байрлуулсан дөрвөн хүрэл хөшөөнөөс өөр ямар ч орчин байхгүй. Ядаж талбайн эргэн тойрон нь XIII зууны үеийн уур амьсгалтай, тухайн цагийн амьдрал ахуйг харуулсан тохижилттой байх учиртай.

Да хүрээний өнгө төрхийг хадгалсан Есөн гудамж гэж саяхныг хүртэл байлаа. Тухайн үеийн киноны зураг авалт хийх гэж зарим нь сумын төвд очиж байна шүү дээ. Уг нь тэр үеийн Усны гудамжны хоёр гурван эгнээг үлдээчихсэн бол тухайн үеийн бодит байдал нүдэнд харагдаж, мэдээлэл өгдөг гээд олон талын ач холбогдолтой байх байлаа. Бидний “Урт цагаан” гэж нэрлэдэг байшинг нураана гэж сонссон. Уг нь энэ барилга чинь Монгол архитекторын зургаар монголчууд өөрсдөө барьсан бараг л анхны барилга юм шүү дээ. Тагнуулын ерөнхий газар бол  хуучин Дотоод явдлын яам байрлаж, Монголын олон мянган сэхээтэн, боловсролтой гэсэн хүмүүсийг хорьж, цагдаж, устгаж байсан хар түүхийн гэрч болсон газар. Түүнийг харин хэлмэгдэгсдэд зориулсан түүхийн музей болгоход яагаад болдоггүй юм бэ.

(Д.Мөнхжаргал)

Найруулагч Г.Жигжидсүрэн Ардын жүжигчин, Урлагын гавьяат зүтгэлтэн

Оюун санааны баялаг гэдэг тэрбум тэрбумаар ч тогтохгүй

Миний хувьд бол кино найруулагчийг сурдаг биш төрдөг “мэргэжил” гэж боддог. Сайн найруулагч гэдэг юуны өмнө сайн хүн байх ёстой. Кино найруулахынхаа урьд хор найруулах ажилд гарших юм бол их урлагийг бузарлалгүйгээр эртхэн өөр тийшээ явсан нь дээр гэж хэлмээр байна. “Муу хүн хэзээ ч сайн дүр бүтээж чадахгүй” гэж Станиславский айлдсан удаатай. Мэргэжлээ хүндэтгэж мэргэжилдээ үнэнч явдаг хүмүүс бол хэзээ ч хэдэн тийшээ савлаж далдганадаггүй. Агуу их жүжигчин Марчелло Мастроянийг кино найруулаач гэж урихад “Үгүй ээ би жүжигчин хүн” гэж хэлсэн байдаг. Мөн Иннокентий Смоктуновский “Миний хийдэг ажил биш ээ” гэж хариулсан. Андрей Рублёвоос эхлээд Андрей Тарковскийн ихэнх киноны гол дүрийг бүтээсэн, авьяаслаг жүжигчин Анатолий Солоницын миний “Хатанбаатар” киноны генерал Бакичийн дүрийг бүтээснийг үзэгчид мэдэх байх. Би Солоницынээс “Чамд кино найруулах бодол байдаг уу” гэж асуухад тэрбээр мушилзан инээмсэглээд “Би чинь скрипка” шүү дээ, Жийгээ” гэж хэлсэн юм. Эндээс харахад том уран бүтээлчид бол том л байдаг юм билээ.

(Цаг төр сэтгүүл)

Найруулагч Б.Сумхүү Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн

Биднийг бурхан өршөөг

Найруулагчийг дуурайдаг жүжигчинд дургүй. Маргасан жүжигчинд дуртай. Маргаад намайг үнэмшүүлж чадсан жүжигчинд буугаад өгдөг. Намайг үнэмшүүлж чадвал өөрийнхөө бодлыг тулгадаг. Шинэ жүжигчинд заахаас өөр аргагүй. Хуучин хашир жүжигчин заалгавал муухай. Зөвлөлтийн жүжигчинтэй болон манай туршлагатай сайн жүжигчинтэй ажиллахад урамтай. “Полу слава”-аас л ойлгож, “ингэх үү, тэгэх үү” гээд өөдөөс хэд хэдэн хувилбар гаргаад л тоглочихдог юм. Найруулагчаар босч, суухаа заалгадаг жүжигчин бол жүжигчин биш, сармагчнаас ялгаа юу байна. “Жүжигчний уран чадвар” гэж сүрхий юм бий. Санаа хэлэхэд л жүжигчин л юм бол тэр “уран чадвар” гэдгээ гаргаж харуулах ёстой. Дүрд тохирохгүй жүжигчин өөрийгөө, киногоо, эцэст би тэр уран бүтээлчийг олны нүдэн дээр амьдаар нь “алчихна”. Энэ тун аюултай.

(У.Амарсайханh-turuu.blogspot.com)

Найруулагч Б.Нагнайдорж  Урлагийн гавьяат зүтгэлтэн

Урлаг бол тэр чигээрээ хүн судлал байдаг

Би авьяастай байснаа мэдэхгvй. Одоо хүртэл авьяастай юу, үгүй юу гэдгээ мэдэхгүй. Гэхдээ ганцхан кинонд л их хайртай. Тэр ч байтугай киног зүүдэлдэг байлаа шүү дээ. Кино урлагт намайг сургаж, зүгшрүүлсэн хүн бол Д.Жигжид.

Кино найруулагч их гярхай байх ёстой. Хамгийн гол нь хүнтэй харьцаж сур гэж зааж байсан даа. Уран бүтээлийг амьдралаас салгаж ойлгож болохгүй. Уран бүтээл бол амьдрал, амьдрал бол уран бүтээл. Миний амьдралын нэгээхэн хэсэг бол уран бүтээл маань. Ертөнцөөс хагацан хагацатлаа энэ л замыг туулна.

 (NTV телевиз)

Найруулагч И.Нямгаваа Урлагийн гавьяат зүтгэлтэн

Эх оронч үзэл гэдэг бол бие биеэ, газар шороогоо хайрлах, эргээд ургах хөрс нь  болохыг хэлэх юм даа

Би театрыг өлмий дээрээ явж, хагас хоолойгоор хоорондоо ярьдаг газар гэж боддог байлаа. Учир нь тэнд мэс засал явагдаж байгаа учраас. Театр бол хүний тархи, зүрхэнд нөлөөлдөг ариун сүм. Хүний тархинд мэс засал хийдэг газар ч гэдэг. Гэтэл театр аяндаа хар захын байдалтай болоод үзэгчид нь хуушуур идэж, гар утсаар хоорондоо чанга яриад эхлэх үед миний, чиний ариун мөрөөдөл алга болж юунд, хаана ороод ирснээ мэдэхээ болино. Би дэлхийн театрын төв болсон Орос орны Москвад сурч, сайхан жүжгийн төлөө алалдаж үздэг үзэгчид, өрсөж дуулиан тарьдаг зохиолч, найруулагчдын үгийг сонсож хүн болсон. Ноён Хутагтын "Саран хөхөө" театраа байгуулж байсан Монгол дэг алдагдаад 200-аад жил болж санаа нь зөвхөн дуундаа шингэж үлдсэндээ. Ер нь уран бүтээлчийг хүн талаас нь хайрласан, шүтсэн, биширсэн үйлдлээс нь шүүмж судлал илүү хөгжих бизээ.

(Монголын нэг өдөр)

МУНДАГ
2015-12-01 09:55

Яалтчгүй мундаг, хийсэн бүтээсэнтэй хүмүүс юм аа.
0 0

2015-12-01 10:23

Hun gedeg iim l daraa bh heregtei bgmda
0 0

2015-12-01 10:55

Сайхан блаа
0 0

2015-12-01 13:50

Mundag humuus yumaa
0 0

2015-12-01 13:51

yaaltchgui hiisen zuiltei baharhmaar humuus shuu! goyo niitlel bainaa
0 0

zochin
2015-12-01 17:21

Nyamgavaa guaig bol hundeldeg shu
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих