“Ухаалаг” нүүдэлчид

Хаа сайгүй байгаа хэрнээ харагдадгүй тэр зүйлс


Товч агуулга:

Сууж яваа машиных нь шатахуун, үзэж суугаа зурагтынх нь цахилгааны эх үүсвэр, ухаалаг бүхнийх нь эх булгийн тухай бодох нь илүүц хэрэг...

Хүмүүс бүгдийг хамгийн хялбар болгохыг хүсч байна. Бүгдийг хялбарчилж буй хүн төрөлхтний эдгээр ухаалаг ололтууд заримдаа нөхцөл байдлыг бүр ч төвөгтэй болгодог талтай. Асаах, унтраах хоёрхон товчлууртай байсан угаалгын машин маань үй олон үйлдэл хийж хэдэн хуудас тайлбар сэлт дагалдаад ирэхээр түүнийг судалж өөрийн болгох зайлшгүй хэрэгцээ гардаг шиг. Судлаад мэдэж авч байгаа нь хөгжиж байгаа хэрэг мөн үү? Үгүй бол харин ч эсрэгээрээ ухаалаг тоног төхөөрөмжгүйгээр юуг ч хийж чадахаа больж байгаа хэрэг үү? Гэхдээ энэ асуулт Монголын нөхцөлд арай эртэдсэн байж мэднэ. Сайн талаас нь харвал улам л завгүй болж буй бидэнд цаг хэмнэж өгч байна. Энэ зууны ололтуудаас сүүлийн аравхан жилийн дотор монголчууд өмнөхөөсөө илүү ихээр хүртэж чадсан. Эхлээд гайхамшиг байсан зүйл одоо бол энгийн л хэрэглээ.

Бид дижитал бүхэнд гайхан баясахаа нэгэнт болиод харин ч илүү ихийг хүлээж суудаг болов. Бид үхэр тэргээр нүүдэллэж, өөхөн дэнгийн гэрэлд сүүмэлзэхээ больсноос хойш хоцрогдлоо мөн чанартайгаа хамт гээсээр буй. Амьдралын бүхий л талбартаа суурин иргэншлийн тусгалыг олсон орчин цагийн “ухаалаг” нүүдэлчид бид. Одоо ч, цаашид ч ухаалаг технологид амьдралынхаа бүхий л орон зайг дуртайяа тавьж өгнө. Гэрээ нүүлгэдэг хөсгөө, трактороор, тэгээд ЗИЛ-130, дараа нь хувийнхаа жипээр сольсон бидэнд түүнээс хурдлах шаардлага тулгарч, энэ хурд араас нэхэн хөөж байна. Ханан дахь гэрлээ  унтраахаар босох хэдхэн алхамыг хүртэл хэмнэж өглөө энэ зуун.

Энэ бүгд сайхан зүйл. Гэхдээ нэг л зүйл байна. Хүний нас хязгаартай тул нэгэн цаг үед амьдарч байгаа хүмүүс хэдхэн үед хуваагддаг. Дунд насныхны үр хүүхдүүд дэлхийн ухаалаг ололтыг хамгийн ихээр хүртэгчид. Ухаалаг утасны сэрүүлгээр нүдээ нээж удирдлагаар зурагтаа асаангаа, интернэтээр цаг агаарын мэдээлэл аван, фэйсбүүкээр мэндээ мэдэлцээд, апп дээрх ажлын төлөвлөгөөгөө гүйлгэж, аяга бэлэн кофегоор ажлын өдрөө эхлүүлнэ. Кофе хаанаас бүтдэг, цахилгаан юунаас гардаг, зурагт хэрхэн асдаг, сэрүүлэг яагаад дуугардгийг мэдэх ч үгүй, сонирхох ч үгүй. Сууж яваа машиных нь шатахуун, үзэж суугаа зурагтынх нь цахилгааны эх үүсвэр, ухаалаг бүхнийх нь эх булгийн тухай бодох нь илүүц хэрэг болсон цаг үе. Цахилгаан эрчим хүч, ус,  интернэт гээд хаа сайгүй байдаг хэрнээ харагдаж үзэгдэхээ больсон цаг үе. Халуун ус хананаас урсаж, цахилгаан эрчим хүч чиний эрхшээлд оршиж, интернэтийг өөрийн дураар ашиглах боломжтой. Харин түүнийг хаанаас, ямар үнэ цэнээр олж авч байгаа нь огтхон ч сонин биш болжээ. Арван настай хүүгээсээ эрчим хүч хаанаас ирдэг вэ, ус хаанаас ундардаг вэ гэвэл таны хүссэн хариултыг хэлэхгүй л болов уу. Энэ асуулт цаашдаа алга болж хариултыг нь хайх хүн ч олдохоо болих цаг бол бидний ирээдүй. Өөрчлөгдөн буй дэлхийгээс хоцрохгүйн тулд бид улам бүр хурдлах учиртай. Өмнөхөө эзэмшиж дийлэлгүй маргаашдаа санаа зовно. Сурахгүйгээр яарч, мэдэхгүйгээр урагшлах ухаалаг технологийн зуун биднийх.

2016-02-08 21:58

Uneheer l tiim dee
1 0

2016-02-08 22:32

энэ хүний нийтлэлд заавал авууштай нэг санаа байдаг нь таалагддаг амжилт хүсий
0 0

Ж,Гал-Эрдэнэ
2016-03-07 17:51

Ene minii avsan zurgiig tamgalaad tavitsan bna ?????!!!!!!!..... hayg aa yvuullaa holbogdhig husjine
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих