Ашиг дууслаа, алдагдал эхэллээ

Анхнаасаа бидний ашиг экспорт өссөнөөс бус импорт буурсанаас шалтгаалсан


Товч агуулга:

Оюутолгойн ил уурхайгаас олборлон борлуулж байгаа зэсийн хэмжээ хэдий багасаагүй боловч үнэ 40 гаруй хувиар унаснаас болж нийт орлого 37 хувиар буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл анх удаа ашигтай гарлаа гэж эдийн засагчид тал талд огшиж байсан нь саяхан. Бусдаас худалдаж авахаасаа илүүг тэдэнд зарж эхлэсэн маань хэнд ч сайхан санагдах өөдрөг мэдээ байлаа. Гэвч ашиг маань тийм ч удаан үргэлжилсэнгүй. Анхнаасаа бидний ашиг экспорт өссөнөөс бус импорт буурснаас шалтгаалсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом агшиж, дээрээс нь валютын нөөцөө зөв зарцуулаагүйгээс болоод бид долларгүй болчихсон. Үндсэндээ худалдан авах чадваргүй л болсон хэрэг. Ингээд зардаг жаахан эрдэс маань санхүүгийн тайлан дээр овойж харагдсан нь тэр юм. Харамсалтай нь энэ овгор одоо хонхор болоод зогсохгүй өнөө шалдаа буучихсан импортоосоо ч доогуур шургаад орчихлоо.

Урсгал болон худалдааны тэнцэл (%, у/у, 3 сарын нийлбэрээр)

Эх сурвалж: Дэлхийн банк

Экспорт маань сүүлийн гурван сард харьцангуй огцом унасныг Дэлхийн банкны судлаачид нэгдүгээр сарын тоймдоо онцолжээ. 2015 оны 9 дүгээр сард 12 хувиар саарч ирснээ 10, 11, 12 дугаар саруудад 36 хувиар буурсан дүн гарсан байна. Үүн дотроо нүүрсний экспортын хэмжээ 43 хувь буюу бараг л 50 хувиар татарч. Оюутолгойн ил уурхайгаас олборлон борлуулж байгаа зэсийн хэмжээ хэдий багасаагүй боловч үнэ 40 гаруй хувиар унаснаас болж нийт орлого 37 хувиар буурсан байна.

Хөрөнгө оруулалтгүй шахам болчихсон өнөөгийн нөхцөлд бидний доллар олдог гол суваг маань экспорт болж байлаа. Харамсалтай нь бидний зардаг цөөн тооны түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх эрэлт суларч, үнэ буурч, мөддөө сайжрахгүй төлөвтэй байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тайхюун Ли энэ оны эхний сард манай улсын гадаад зээллэгийн өртөг огцом өссөн тухай мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, бид гадаадаас зээл, бонд босголоо гэхэд урьд өмнөхөөс хавьгүй үнэтэй олдоно гэсэн үг. Энэ нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэнтэй холбоотой.

Төгрөгийн нэрлэсэн ханш (MNT/USD, өдрөөр)

Эх сурвалж: Монголбанк

Энэ зуур төгрөг улам суларч, ам.долларын ханш 2020 төгрөг хүрээд байна. Валютын нөөц маань ердөө 1.3 тэрбум ам.доллар буюу гуравхан сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа өнөөдрийн нөхцөлд ханшийн эсрэг ямар ч алхам хийж чадахгүй. Үндсэндээ бичин жилд Монгол улсын дотоод эрсдэл улам нэмэгдэнэ хэмээн олон улсын санхүүгийн шинжээчид дүгнэж байгааг Дэлхийн банкныхан анхаарууллаа. Суурин төлөөлөгч Жеймс Андерсоны хэлснээр бол гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Харин яаж?

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих