Ипотекийн сургамж

Нөхцөл хөнгөрөөгүй байх үеийн зээлдэгчид хямралд бага өртөж байжээ


Товч агуулга:

Хөөстэйг нь мэдсээр хэрнээ орон сууцны үнийг бууруулах талаар ямар ч санаачилга гаргахгүй, харин 18000 эзгүй орон сууцанд түгжигдсэн хөрөнгийг суллахын тулд төрийн оролцоотойгоор барилгын болон банкны салбарынхны эрсдлийг орлого багатай зээлдэгчдэд тархаахаар УИХ, Монголбанктай хамтран шийдвэрлэв.

“Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, инфляцийн хөөрөгдөлд автахгүй, эдийн засгийн хямралыг ажрахгүй...” гэх мэт гал цогтой үгсийг та хэн нэгнээс сонссон л байлгүй. “Ханш унаж, үнэ өсч байгаа үед хадгаламжинд мөнгөө хийснээс үл хөдлөх хөрөнгө худалдаж ав...” гэх үнэтэй зөвлөгөөг авч байгаагүй хүн бараг үгүй биз ээ. Манай барилга, үл хөдлөх хөрөнгийн компаниудын гадаад боловсролтой менежерүүдийн эдгээр “амны уншлага”-ууд Америкаас сурвалжтайг бид киноноос хангалттай үзсэн. Харин өнөө америкчууд нь энэ үгсийг 2005-2008 онд оргилдоо хүрсэн моргэйжийн чинэрлийн үед манифест адил тунхаглацгааж байлаа. Холбооны нөөцийн нийт мөнгөний ихэнхийг чихсэн аварга том хөөс хага үсрэхэд долгион нь дэлхийн хамгийн том том санхүүгийн төвүүдэд чичирхийлэл үүсгэсэн юм.

Ердөө л хөөс хагарсан юм гэж 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын шалтгааныг товчхон томъёолчихож болно. Гэхдээ үүний цаана барилгын болон банкныхны зүй зохистой бус түншлэл, Засгийн газрын буруу зохицуулалт байсныг нэгэнт тогтоосон. Орон сууцны зах зээлийн нийт үнийн 90 хувь зээлийн хэлбэрээр төлөгдөж байлаа. Засгийн газрын идэвхтэй оролцоотойгоор зээлийн нөхцөл шаардлагыг муутган, хүүг бууруулж, олгож буй зээлийн тоо, хэмжээг үлэмж хэмжээгээр ихэсгэсэн байв. Ингэснээр тоонд нь харьцуулсан муу зээлийн хэмжээ бүртгэл дээр багасч харагдах боловч бодит чанар нь үлэмж доройтсон байжээ. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн мөнгөн урсгалын сүлжээг бүхэлд нь хэрж, халдвар шиг тархсан байна.

Эдгээр шинж чанарууд манайд яг өнөөдөр өрнөж байгаа 5%-ийн ипотекийн зээл тойрсон үйл явдлуудтай тун төстэй байгааг уншигч та анзаарч байгаа байх. Процесс нь ч яг адилханаар өрнөж байгааг хэлэх хэрэгтэй. Хөөстэйг нь мэдсээр хэрнээ орон сууцны үнийг бууруулах талаар ямар ч санаачилга гаргахгүй, харин 18000 эзгүй орон сууцанд түгжигдсэн хөрөнгийг суллахын тулд төрийн оролцоотойгоор барилгын болон банкны салбарынхны эрсдлийг орлого багатай зээлдэгчдэд тархаахаар УИХ, Монголбанктай хамтран шийдвэрлээд байна. Ингэхдээ зээлийн нөхцлийг муутган, хүүг бууруулах замаар хамрах хүрээг тэлэх бодлого баримталж байгааг цаанаа явцуу эрх ашгийн хамааралтай гэж тайлбарлах хүмүүс ч байна. Зарим эх сурвалж, манай улсын санхүүгийн салбарын үзүүлэлт тун тааруу байгааг хэлж байгаа юм. Зээлүүдийн хугацаа, төлөлтийг нарийвчлан тооцож үзвэл чанаргүй, муу зээлийн хэмжээ 10 хувиас ч өндөр болсон байх магадлалтай.

2008 оны санхүүгийн хямрал АНУ-ын нийгмийн дундчуудын дийлэнх хэсгийнхэнд сөргөөр нөлөөлж, ипотект хамрагдагчдад асар хүнд цохилт болсон юм. Ялангуяа сүүлийн 1-2 жилд хөнгөрүүлсэн нөхцөлтэй, бага хүүтэйгээр зээл авсан хүмүүс бараг тэр чигээрээ хямралд өртөцгөөсөн байдаг. Нөхцөл хөнгөрөөгүй байх үеийн зээлдэгчид хямралд арай бага өртсөн гэсэн үг. Чухамдаа сүүлийн зээлдэгчид барилга, үл хөдлөх хөрөнгийн болон банкны салбарынхны хямралын цохилтыг үүрэлцсэн нь тэр байсан юм.

Зээлээ төлж дийлэхгүй болсон хүмүүсийн орон сууцнууд хураагдаж, улмаар барьцаанд түгжигдэн эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй болж, банкууд хүндрэв. Goldman Sachs, JPMorgan, Merrill Lynch болон Lehman Brothers гээд ядаж байхад хамгийн том том банкууд ноцтой байдалд орлоо. Улмаар Lehman Brothers 9 дүгээр сард дампуурч, 10 дугаар сард Dow Jones-т “хар мягмар гараг” тохиосон юм. Үйлдвэрлэл, бизнесийн сектор уналтанд орж, ажилгүйдлийн гинжин урвал хөвөрлөө. Хямралаас гарахын тулд мөнгөний юүлэлтүүд хийсэн ч тэдгээр арга хэмжээ нийгмийн хөрөнгийг улам бүр хүрэлцээгүй болгож, инфляцийн өсөлт, тогтворгүй байдалд л хүргэсэн юм.

АНУ-ын энэ хямралаас хойш бараг 10 жил өнгөрчээ. Гэвч хор холбогдол нь гүйцэт дуусаагүй л байна. Сургамж огтхон ч мартагдаагүй байхад Монгол Улсын төр, засаг зээлийн хүүг 5.0 хувь болгон бууруулж байгаа нь зарчмын алдаатай шийдвэр болж буйг санхүүгийн мэргэжилтнүүд хэлсээр л байна. Эдийн засгийн идэвх улам саарсаар байгаа өнөөдрийн нөхцөлд улсын төсвийн болон төв банкны эх үүсвэрийг дайчлан орон сууцны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлж, барилгын салбарыг додомдох нь чухам ямар хэрэгтэйг харин хэн ч ухан ойлгож чадахгүй байгаа юм.

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих