Оролцогч талууд гэж хэн бэ?

Тэдний оролцоо харилцан адилгүй


Товч агуулга:

Эрхэлж буй бизнесийнхээ харилцаа хамаарал, оролцогч талуудын үнэ цэнэ, ач холбогдлын дарааллыг эхлээд ойлго!

Байгууллагын үйл ажиллагаанд ямарваа нэгэн зүйлээр хамааралтай хувь хүн, бүлэг хүмүүс, болон хамтрагч байгууллагуудыг стейкхолдер буюу оролцогч талууд гэдэг.

Оролцогч талууд болон компани нь нэг нэгнийхээ үйл ажиллагаа, бодлого, зорилтоос хамааран шууд болон шууд бусаар бие биедээ харилцан нөлөөлөл үзүүлдэг.

Гол оролцогч талууд гэдэгт жишээ татвал, зээлдүүлэгч, захирлууд, ажилтнууд, төр захиргаа болон хамааралтай агентлагууд, эзэд (хувьцаа эзэмшигчид), нийлүүлэгчид, мэргэжлийн холбоодууд болон  компанийн түүхий эд бараа материалаа татдаг байгууллагууд багтдаг.

Оролцогч талуудын оролцох асуудал харилцан адилгүй байдаг.

 

Оролцогч талууд

Оролцох асуудлууд

Засгийн газар

Татвар, НӨАТ, ажил эрхлэлт, хууль эрх зүйн орчин

Ажилтан

Цалингийн хэмжүүр, ажлын байрны баталгаа, шагнал урамшуулал, хүндлэл

Худалдан авагч

Үнэ өртөг, чанар, хэрэглэгчдэд тавих анхаарал

Ханган нийлүүлэгчид

Эцсийн хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний түүхий эд материал, харилцан ашигтай арилжаа, бизнесийн боломжууд

Зээлдүүлэгчид

Зээлийн үнэлгээ, шинэ гэрээнүүд, хөрвөх чадвар

Хувьцаа эзэмшигч

Ашигтай үйл ажиллагаа, урт хугацааны тогтвортой байдал, зах зээлд эзлэх хувь, зах зээлийн байр суурь, амжилтын төлөвлөгөө, өсөлт

Хөрөнгө оруулагчид

Эргэн төлөлт, орлого

 

Таны бизнест оролцоо, ач холбогдлоороо хэн хамгийн нөлөөтэй вэ гэдгийг ангилахын тулд тэднийг сонирхол болон хүчний харьцаагаар нь 4 ангилдаг.

Сонирхол багатай хүч багатай оролцогчид

Таны бизнесийг ач холбогдолтой гэж сонирхдоггүй, сонирхсон ч хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаггүй талууд энэ хэсэгт багтдаг. Жишээ нь: Та цэцэг, бэлэг дурсгалын импорт худалдаа эрхэлдэг байлаа гэж бодоход таны цэцгийг тээвэрлэдэг орон нутгийн жолооч энэ хэсэгт багтаж болох юм. Хэдий цэцгийн хүргэлт цаг хугацаандаа байх зэрэг түүний нөлөөлөл зарим тохиолдолд өндөр байж болох ч ажил хайгсад хаа сайгүй байхад та өөр жолооч сонгоод авчих боломжтой.

Харилцах арга барил: Тэднийг хянаж, зөв зүйл хийж байгаа эсэх таны бизнест хор нөлөө үзүүлж буй эсэхийг хааяадаа хяначихад илүүдэхгүй.

 

Сонирхол өндөртэй хүч багатай оролцогчид

Таны бизнест оролцох сонирхол өндөртэй боловч төдийлөн нөлөө үзүүлж чаддаггүй талууд энэ хэсэгт багтана. Жишээ нь: Таны импортлон оруулж ирсэн цэцэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүнтэй хамт өөрийн гараар урласан бүтээгдэхүүнээ хамтатган борлуулах хүсэлтэй гар урлаачид орж болох юм.

Харилцах арга барил: Тэднийг байнга мэдээллээр хангаж байх нь дараа дараагийн хамтын ажиллагаанд хэрэг болно.

 

Хүч өндөртэй сонирхол багатай оролцогчид

Энэ хэсэгт гол төлөв шийдвэр гаргагчид, засгийн газар, төрийн байгууллагууд багтдаг. Өөрөөр хэлбэл тэд таны бизнест нөлөөлөх нөлөө өндөртэй ч төдийлөн ашигт болон амжилттай ажиллагааг тань сонирхоод байдаггүй. Жишээ нь: Цэцгийн бизнесийн хувьд мэргэжлийн хяналт, засгийн газар зэрэг байгууллагууд эгзэг нь таарвал хүчтэй нөлөө үзүүлдэг. Гаалийн татвар нэмэх, үйлчилгээний стандарт тогтоох гэх мэт.

Харилцах арга барил: Тэднийг сэтгэл хангалуун байлгахад анхаар.

 

Хүч өндөр сонирхол өндөр оролцогчид

Энэ хэсэгт багтаж буй талууд таны бизнесийн амин сүнс гээд ойлгочиход буруудахгүй. Учир нь тэднээс болж таны бизнес унаж, босох нь шууд хамаарна. Жишээ нь: Цэцэг худалдан авдаг байнгын харилцагчид тань эсвэл цэцгийн бизнест туршлагаараа тэргүүлэх болсон үнэ цэнэтэй ажилтан тань.

Харилцах арга барил: Тэдэнтэй аль болох ойр бөгөөд байнгын анхаарал халамж тавьж ажилла!

 

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих