ААВЫНХАА ЭСРЭГ ДҮР ВИКРОМ КРОМАДИТ

Эгэл жирийн хүн эрхэм алдрын оргилд хүрч болдог


Товч агуулга:

"Гэр бүлийн гишүүд санхүүгийн хувьд баталгаатай гэдгээ мэдэрсэн цагт хоорондын харилцаа нь илүү бат бөх болдог гэж боддог".

 

Bикром Кромадит бол Зүүн Өмнөд Азийн хамгийн том аж үйлдвэрийн паркийг бүтээн босгож, Forbes сэтгүүлийн баячуудын жагсаалтыг 2 жил дарааллан өнгөлсөн Тайландын нэрт бизнесмэн. 2007 оны байдлаар түүнд 27 орноос ирсэн 200 мянга гаруй ажилтан, 600 гаруй үйлдвэр харъяалагдаж байсан ба Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэхүйц хөрөнгө түүний мэдэлд бий.

“Би өөрийнхөө уусан дусал ус бүрийг, бас худгийг нь ухсан хүн бүрийг сайн санадаг” гэж хэлсэн Викром Кромадитын уналт босолтын түүхийг монголчуудынхтай адилтган харах нэг шалтгаан нь ах нь дүүгээ, дүү нь ахыгаа аль ч цаг үед “чирч” явдаг өрнөдийнхний үл ойлгох хайр, дотносол.

 

Хүний өөрийн нийлсэн 22 хүүхэдтэй, хормойн донт эцгийнх нь хүүхдүүдээ хүн чинээ тоодоггүй хэрцгий зан авир Викром Кромадитыг аавынх нь эсрэг дүр болгон хүмүүжүүлсэн гэлтэй.

Төрүүлж өсгөсөн ижийг нь хүний нүүр харахын эцэсгүй болтол хэдэнтээ доромжилсных нь хариуд Викромын төрсөн дүү эцэг рүүгээ буу шагайсан ч, хүний үнэргүй эцэг нь хүүгээ буцаагаад тархин тус газар нь буудна чинээ хэн ч санаагүй.

Золоор хүний амь эрсдээгүй энэ үйл явдал, айлын том хүүгийн зүрхийг шархируулж, ахиад ийм зовлон гэр бүлийнхээ хэнд ч, хэзээ ч үзүүлэхгүй дээ гэсэн хатуу андгайгаар чадлаа шавхаж, бяраа гарган зүтгэсээр дэлхийн энтэй бизнесмэн болоход нь гол нөлөө үзүүлсэн юм.

 

 

Тавин нас хүртлээ аавыгаа ална хэмээн хар даран зүүдэлдэг байсан Викром хэдхэн жилийн өмнө Тайландын хойд нутгийн ширэнгэн ойд горхины хажууд бясалгал хийж суухдаа эцгийгээ уучилсан юм.

Өөрийн төрсөн болон эцэг нэгт бүх ахан дүүстэйгээ “Кромадитын байшин” хэмээх томоохон цогцолбортоо нэг дор аж төрөн сууж, улмаар гэр бүлийн албан ёсны бизнес болох Kромадит корпорацийг үүсгэн байгуулж, ирээдүйд дундын энэ бизнес нь ах дүүсийн хооронд үл ойлголцол үүсгэхээс сэргийлж “Кромадитын гэр бүлийн дүрэм”-ийг гаргажээ.

Энэхүү дүрмийн хэсгээс дурьдвал:

-Кромадит корпорацийн хувьцааг ямар ч хүнд, тэр байтугай гэр бүлийн бусад гишүүдэд ч худалдахгүй.

-Компанийн хувьцааг ямар нэгэн өр зээлийн барьцаа эсвэл төлбөр төлөх хэрэгслийн зорилгоор ашиглаж болохгүй.

-Хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд болон бусад зардал, тэдний өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг корпораци бүрэн хариуцах тул хувьцаа эзэмшигчдэд бонус өгөхгүй.

 

Нийт 9 заалт бүхий гэр бүлийн дүрмийг тэрээр тайлбарлахдаа “ Хэдий ийм  дүрэм гарсан ч гэр бүл маань эв нэгдэл, харилцан ойлголцол, хайр хүндлэлгүй бол ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ гэр бүлийн гишүүд санхүүгийн хувьд баталгаатай гэдгээ мэдэрсэн цагт хоорондын харилцаа нь илүү бат бөх болдог гэж боддог” гэжээ.

 

 

Монгол уншигчдад  “Мөрөөдөлд хүргэсэн зам минь” нэртэйгээр С.Идэрийн орчуулгаар хүрч буй Викромын түүх үр хүүхэддээ хойч үеэ хайрлахын ухааныг зааж, амьдралын зам мөрөө олоход нь тусалж, тэдэнд шударга энэрэнгүй хандахыг сануулсан бахдам бүтээл болжээ.

 

 


 

2016-11-27 19:07

Гоё ном байна лээ монголд ирхээр нь нэг уулзахийнсан энэ хүнтэй
0 0

anhaa
2016-11-27 20:27

Idertee amjilt huseye
0 0

2016-11-27 23:28

nom ni haaguur bgan
0 0

2016-11-28 22:08

olj unshnaa hunees sonsson sain nom gej
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих