БИДНИЙ BODY LANGUAGE ЯАГААД ХӨГЖДӨГГҮЙ ВЭ?

Сэтгэл хөдлөлгүй, нэгэн хэвийн царайны цаад шалтгаан...


Товч агуулга:

Бидний хэн нэгэн рүү харж шалтгаангүйгээр инээмсэглэх нь долигнох, найрах, дооглох гэх мэт буруу зөрүү ойлголтуудыг төрүүлчих магадлал тун өндөр.

 

2015 онд олон улсын судлаачдын баг нэгэн сонирхолтой судалгааны дүн танилцуулсан нь, цагаачдын тоогоороо тэргүүлдэг улс орны иргэд үгийн бус биеийн хэлэмжээр харилцах нь элбэг байдаг ба энэ нь улс үндэстнүүд нэгнээсээ илүү дутуу инээхэд нөлөөлж буй гол шалтгаан болж байгааг тодруулжээ.

Энэхүү сонирхолтой судалгааны дүнг “Америкчууд бусад орны хүмүүсээс илүү инээдэг” гарчигтайгаар Форбес саяхан нийтэлжээ.

Бодоод үзэхэд хоорондоо хэл нэвтрэлцэж чадахгүй хүмүүс биеийн хэлээр голдуу ярилцдаг бөгөөд инээмсэглэл бол бүх зүйлд нээлттэй гэдгийн тод илрэл юм.

Би найзлаж нөхөрлөж чадна, бид хамтдаа бизнес хийж чадна, бид хөршүүд, бүтээгдэхүүнийг маань худалдан аваач гэсэн харилцан яриануудыг инээмсэглэлийн хүчээр хялбархан ойлгуулж болно.

 

 

32 орны өөр өөр соёл, уламжлалтай хүмүүсээс авсан ярилцлагын дараа, дүгнэлт нь олон талт харилцаатай улс орны хүмүүс илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг гэж гарчээ.

Монголчуудыг бусад улс орны хүмүүстэй харьцуулахад их инээдэг үү? Бага инээдэг үү?

Хариулт нь маш тодорхой байх гэж бодож байна. Бид өдөр тутамдаа хэл соёлын хувьд тийм ч олон төрлийн хүмүүстэй харилцаад байдаггүй. Монгол монголтойгоо л харьцдаг.

Бидний хэн нэгэн рүү харж шалтгаангүйгээр инээмсэглэх нь долигнох, найрах, дооглох гэх мэт буруу зөрүү ойлголтуудыг төрүүлчих магадлал тун өндөр.

Өөрөөр хэлбэл хэн нэгэнд хүндэтгэл илэрхийлсэн биеийн хэлэмжийн хариу нь эерэгээр бус сөргөөр ирчих гээд байдаг талтай тул “байдалд орох”-гүйн тулд барагтаа л бол биеийн хэлээр ярилцахаас татгалздаг нь үнэн.

Уурлаж бухимдсан, хэн нэгнийг үзэн ядсан, үл тоомсорлож буйгаа илэрхийлсэн тааламжгүй харцуудтай үе үе тулгардаг нь нууц биш. Хариуг нь яаж барихаа мэдэхгүй гацаанд орж, дальдчих нь элбэг. Уурласан ч бай, инээсэн ч бай аль аль руу нь хараад бодсоноо илэрхийлчих хэмжээний биеийн хэл бидэнд алга.

Бид яг үнэндээ хэн нэгний чин сэтгэлийн бэлгийг онгойлохдоо ч “Ямар гоё юм бэ! Баярлалаа” гэхээс нэг их хэтэрдэггүй хүмүүс.

Харин гадаадад олон жил амьдарсан найз чинь өгсөн бэлгэнд чинь дуу алдаж, үсэрч дэвхэрч, үнсэж тэвэрвэл гайхах зүйлгүй. Ялгаа нь ердөө л энэ.

Сэтгэлийг чинь хөдөлгөх шалтгаан бүрт одоо байгаагаасаа багахан ч болтугай илүүгээр инээж, хөөрч баясвал бидний эрүүл мэнд цаашлаад эрүүл харилцаанд тус болохоос гай болохгүй биз ээ.

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих