ХОДООДНЫ БӨМБӨЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жилд 25 кг тураана


Товч агуулга:

Биеийн жингийн индекс нь 27 ба түүнээс дээш буюу өөрийн байх ёстой жингээсээ хамгийн багадаа 10 кг илүүдэл жинтэй хүмүүс ходоодны бөмбөлөг ашиглан турахад тохиромжтой.

Хэрэгцээ

Дэлхий дээр 300 сая гаруй хэт тарган, нэг тэрбум гаруй илүүдэл жинтэй хүн байна гэсэн сүүлийн үеийн судалгаа бий.

Зүрх судасны өвчнүүд, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг нь таргалалтаас үүдэн гарч буй сөрөг үр дагаварууд.

 

УБ СОНГДО эмнэлэг таргалалт, илүүдэл жинтэй тэмцэх үр дүнтэй аргуудын нэг болох “Ходоодны бөмбөлөг”-ийг танилцуулж байна.

 

Ходоодны бөмбөлөг гэж юу вэ?

Ходоодны бөмбөлөг нь мэсийн бус аргаар тураах сүүлийн үеийн дэвшилтэт технологиудын нэг бөгөөд хоолзүйн зөвлөгөө, амьдралын хэв маягийн өөрчлөлт, сэтгэл судлаачийн тусламжтайгаар хамгийн өндөр үр дүнд хүрэх боломжтой, хэт тарган болон илүүдэл жинтэй хүмүүст зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ юм.

Уг ажилбар нь амбулаторийн нөхцөлд хийгдэх ба бөмбөлөгийг ходоодонд байрлуулж ариун NaCL –ийн уусмалаар тухайн хүндээ таарсан хэмжээнд хүртэл дүүргэн үлдээдэг. Ходоодонд байршуулсан бөмбөлөгт тухайн хүн 3 – 5 сарын дараа дасан зохицдог тул энэ үед хэмжээг нь дахин томруулдаг. Ингэснээр бөмбөлөгний үйлдэл нь алдагдахгүйгээр 12 сар хүртэлх хугацаанд таныг хүссэн үр дүндээ хүртэл турах боломжоор хангадаг.  

 

Ходоодны бөмбөлөг хэнд зориулагдсан бэ?

Биеийн жингийн индекс нь 27 ба түүнээс дээш буюу өөрийн байх ёстой жингээсээ хамгийн багадаа 10 кг илүүдэл жинтэй хүмүүс ходоодны бөмбөлөг ашиглан турахад тохиромжтой. Мөн тураах аль нэг төрлийн хагалгаанд хамрагдах боломжгүй хүмүүст тохирно.

 

Ходоодны бөмбөлөг ходоодонд хэр удаан байх ёстой вэ?

Бөмбөлөг нь ямарваа нэгэн урвал, хүндрэлгүйгээр хүний биед 12 сар хүртэлх хугацаанд байх боломжтой. Бөмбөлөг тавиулсан хугацаанд ходоодны хүчил бууруулах эм хэрэглэхийг эмч зөвлөнө. Ингэснээр ходоод цочрох эрсдэлийг багасгаж, бөмбөлөгийг ходоодны хүчлээс хамгаалдаг.

 

 

Ходоодны бөмбөлөг тавиулснаар хэдий хэмжээний жин хаях боломжтой вэ?

Таны ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол ходоодны бөмбөлөг нь жингээ хасахад дэм үзүүлэхэд туслах хэрэгсэл юм. Хоолны нарийн дэглэм, амьдралын зөв хэв маяг болон дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар өндөр үр дүн гардаг. Хэр их жин хаях нь таны хэр сайн дэглэм барьж өөртөө цаг зарцуулахаас шууд хамаарна. Судалгаанаас харахад эхний 6 сард дунджаар 12 – 15 кг  хасах ба 12 сарын хугацаанд дунджаар 25 кг жин хассан үзүүлэлтүүд гарч байна.

 

Ходоодонд бөмбөлөг тавиулснаар ямар гаж нөлөө гарч болзошгүй вэ?

Ходоодонд бөмбөлөг тавиулснаас хойшхи 4 – 7 хоногт дотор муухайрах, огиулж бөөлжих болон хэвлийн өвдөлт илрэх нь түгээмэл байдаг. Таны эмч дээрх зовиуруудыг бууруулах эмийн эмчилгээг танд зөвлөх болно. Бөмбөлөг тавиулснаар маш бага эсвэл огт жин хаяхгүй цөөн тохиолдолд гардаг. Энэ нь хоолзүйн дэглэм болон бусад зөвлөгөөнүүдийг биелүүлэхгүй байсантай шууд холбоотой. Хяналтын эмчтэйгээ байнгын харилцаатай байж зөвлөгөө авах нь чухал.

 

Ходоодонд бөмбөлөг тавьснаар ямар мэдрэмж төрөх вэ?

Ажилбарын дараа 7 хүртэлх хоногт танд таагүй мэдрэмж төрөх магадлалтай. Түүнээс хойш ходоод дүүрэн мэт мэдрэмж танд мэдрэгдэх болно.

 

Ажилбар хийлгэснээс хэд хоногийн дараа хэвийн хэмнэлдээ орох боломжтой вэ?

Та ажил албанаасаа хамгийн багадаа 3 хоногийн чөлөө авбал зохимжтой. Хэвийн хэмнэлдээ хурдан, удаан орох нь таны бие ходоодны бөмбөлөгт хэр хурдан дасан зохицохоос хамаарна.  

 

Ходоодны бөмбөлөг дараа эмчид байнга үзүүлэх шаардлагатай юу?

Ходоодны бөмбөлөгний хамгийн чухал хэсэг нь ажилбарын дараах хөтөлбөр юм. Таны зөв дэглэм барих, амьдралын шинэ хэв маяг сурах болон сэтгэлзүйн зөвлөгөө, дэм авахад эмч нар, хоолзүйч, сэтгэлзүйч туслах болно. Сардаа хамгийн багадаа нэг удаа эмч болон хоолзүйчтэйгээ уулзаж өөрт тохиолдож буй бэрхшээлүүд болон шаардлагатай зөвлөмжүүдийг авснаар амжилттай эрүүлжин турах таны зорилго бүрэн биелэх болно.

 

 

Хэрэглэж болохгүй эм, тариа байгаа юу?

Бөмбөлөг тавиулснаас хойш амаар өвчин намдаах үрэвслийн эсрэг эмүүд /NSAID/ болон цус шингэлэх эмүүд хэрэглэх нь хориотой байдаг.

 

Ходоодны бөмбөлөгийг яаж эргүүлэн авдаг вэ?

Унтуулгатай ходоодны дурангийн шинжилгээний аргаар тавьсан бөмбөлөгийг эргүүлэн авдаг. Авхуулснаас хойш цагийн дотор амьдралын хэвийн хэмнэлдээ орж болдог.

 

Ходоодны бөмбөлөг нь дасгал хөдөлгөөн хийхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

Ажилбарын дараах хоёр долоо хоногт дасгал хөдөлгөөнийг хорьдог. Энэ талаар та эмчээсээ илүү дэлгэрэнгүй асууж болно. Харин тэр хугацаанаас хойш хориглох дасгал хөдөлгөөн байхгүй.

 

Ходоодны бөмбөлөг тавиулснаас хойш идэж болохгүй хоол хүнс бий юу?

Таны хоол идэх дуршил өмнөх үетэйгээ харьцуулахад эрс багасах болно. Харин хэт чихэрлэг эсвэл өөх тостой хоол хүнс хэрэглэхэд дотор муухайрах эсвэл таагүй мэдрэмж төрдөг.

 

Та ходоодны бөмбөлөгний талаар эмчтэйгээ уулзаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Танд амжилт хүсье!

 

 

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих