МОНГОЛЫН ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫН ХОЛБОО ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА

Дотоод орчны агаарын чанарыг удирдах бүрэн боломжтой


Товч агуулга:

Гадаад орчны агаарын чанар хяналтаас гарсан хэдий ч дотоод орчны агаарын чанарыг сайжруулах замаар эрүүл мэнддээ анхаарч болно.

Бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах анхдагч хэрэгцээнд нүүрлэх аюул жил ирэх тусам нэмэгдэж буй энэ үед Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоо цаг үеийн шаардлагаар үүсгэн байгуулагджээ. 

 

Хотжилт, хэт төвлөрөл, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гадаад орчны агаарын чанар бидний хяналтаас бүрэн гарсан хэдий ч өөрсдийн ажиллаж, амьдарч буй гэр орон, ажлын байрныхаа  дотоод орчны агаарын чанарыг удирдах замаар хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой гэж тус холбооныхон үзэж байна. 

 

Тиймээс тус холбооныхон олон нийтийн дотоод орчны агаарын чанарын талаарх боловсролыг дэмжиж, дотоод орчны агаарын чанар сайжруулах чиглэлд ажиллаж буй төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн даацтай ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллана гэлээ. 

 

Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбооны Ерөнхийлөгчөөр Монголын агааржуулалт, агаар сэлгэлтийн зах зээлд олон жил ажилласан, туршлага өндөр Энх-Эрдэнийн Булгантамир томилогджээ. 

 

Ирэх сард АНУ-ын Атланта хотноо болох Дотоод Орчны Агаарын Чанарын Холбооны олон улсын хуралд Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбооныхон улсаа төлөөлөн оролцох юм байна. 

 

Олон улсад Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоог IAQA буюу Indoor Air Quality Association гэж нэрийддэг ажээ. 

 

Ийнхүү бидний амьсгалах агаарын чанарын сайжруулах чиглэлд ажиллах мэргэжлийн байгууллагын тоо нэгээр нэмэгдлээ. 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих