Бурхны тухай хүүхдүүдийн төсөөлөл

Хүүхдүүд бурхнаас юу гуйдаг вэ?


Товч агуулга:

  • Том нүдний шилтэй бурхан
  • Надтай тоглодоггүй бурхан
  • Урт цагаан сахалтай бурхан

Х.Эгшиглэн (9 настай охин)

Бурхан гэж хэн бэ гэж үү? Бурхан уртаас урт цагаан сахалтай өвөө байдаг ш дээ. Урт цагаан сахалтай тэр өвөө тэнгэр дээрээс биднийг байнга харж байдаг. Бурхан өвөө маш том биетэй, дэлхийгээс ч том. Бас  бурхан шөнө унтдаггүй. Яагаад гэвэл унтах завгүй бид нарыг харж байгаа юм чинь. Энэ дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүн бол бурхан. Бурхан сайхан сэтгэлтэй болохоор цагаан хоол иддэг. Манай ээж ч гэсэн заримдаа цагаан хоол иддэг.

 

Т.Чоймаа (7 настай охин)

Миний эмээ бурхан болоод тэнгэр рүү явчихсан. Эмээгийн маань тэнгэрийн гэр нь зөндөө гоё юмтай. Тэнгэрт байдаг гэрийнх нь бүх тавилгууд цагаан өнгөтэй. Тэр гэртээ цай уудаг эмээгийн аяга ч гэсэн  цагаан өнгөтэй. Цайгаа уунгаа бид нарыг юу хийж байна гээд хардаг. Хэрвээ би буруу зүйл хийх гэж байвал “Болохгүй шүү эмээгийн охин” гээд болиулдаг. Эмээ маань тэнгэр дээрээс надад зөндөө их аз өгдөг.

 

Э.Амин-Эрдэнэ (4 настай охин)

Бурхан манай гэрийн буланд амьдардаг. Гэхдээ бурхан надтай тоглодоггүй. Манай ээж бурхны урд зогсоод юм ярьдаг л даа. Гэхдээ бурхан ээжтэй юу ч ярьдаггүй. Бас өлсөж байна гэж хэлдэггүй. Ээжийн өгсөн сүү, чихрийг л иддэг. Харин манай өвөөгийнд байдаг бурхан их том. Өвөөгийнд байдаг бурхан манай гэрийн бурхнаас илүү гоё гоё юм иддэг. Ээжийн аваачиж өгсөн  том том бор чихрийг тэр бурхан дандаа иддэг. Заримдаа надтай чихрээ хуваадаг юм чинь. Би “Уучлаарай бурхнаа би нэг чихэр авлаа шүү” гэж хэлээд авчихдаг. Би тоглож байхдаа бурхныг ганцаараа шүүгээн дотор  уйдаж байгаадаа гэж өрөвддөг.

 

А. Чингүүн (5 настай хүү)

Урт сахалтай, урт хөмсөгтэй хөгшин өвөөг бурхан гэдэг. Бурхан их ууртай. “Чамайг буруу юм хийвэл бурхан уурлаад зодно шүү” гэж өвөө хэлдэг. Бурхан уурлахаараа хашгирч салхи салхилуулдаг. Уйлахаараа бороо оруулдаг байхгүй юу. Харин сайхан ааштай байхдаа нар гаргаж, гадаа дулаахан байлгадаг. Би бурхнаас хааяа лего тоглоом гуйдаг л даа. Даанч бурхан биелүүлдэггүй. Ээж маань надад лего авч өгдөг.

 

Б.Тэмүүлэн (6 настай хүү)

Бурхан бол сайхан сэтгэлтэй, хөгшин хүн. Бурхны гэр ой модонд байдаг. Гэр нь их заваан, замбараагүй. Яагаад гэвэл бурхан дандаа хүний төлөө сайн юм хийгээд гэрээ цэвэрлэх завгүй байдаг.  Бурхан хоол сайн иддэг болохоор том биетэй. Бас чихэр огт иддэгүй гэсэн. Чихэр иддэгүй болохоор шүд нь гоё, хорхой идээгүй.

 

А.Ганбаяр (8 настай хүү)

Том нүдний шилтэй халзан өвөө чинь бурхан. Бурхан жижигхээн биетэй, бөгтгөр нуруутай. Бурхан манай өвөө шиг том шил зүүдэг. Дандаа нэг л хувцсаа өмсдөг. Улаан өнгөтэй бэтмэн шиг нөмрөгтэй байдаг. Бурхан ядуу хүмүүст хувцсаа өгөөд өөрөө ганцхан хувцастай байдаг байхгүй юу. Би талбай дээр аавтайгаа явж байгаад бурханд залбирч байсан. Бурхан инээдэггүй бас уурладаггүй юм байна лээ. Ер нь бурхан юм ярьдаггүй.

2015-10-18 12:07

Хөөрхөн юм бэ
4 0

Sugar
2015-10-19 14:46

Агаан дөө бурханы чихэрнээс нэгийг хуваагаад идчье л дээ 2уулаа гэхэд дүү нь бурхан уурлавал яах юм бэ гээл ямар хөөрхөн гэж санана миний 2 зулзага
16 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих