АВЪЯАСЛАГ ТЕЛЕВИЗ

Хөшигний цаана технологи гэдэг зүйл бий


Товч агуулга:

  • Монголын энтертайнмент шоу нэвтрүүлгийн шинэ эрин
  • Харийн агуулгыг эх орондоо нутагшуулахуй
  • Монголын бизнесийн байгууллагууд ивээн тэтгэж сурч байна

Сүүлийн хэдэн долоо хоног монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа нэвтрүүлэг бол “Авъяаслаг монголчууд”. Ихэнх үзэгчид авъяаслаг элэг нэгтнээрээ бахархаж, хамт гуниглаж, нулимс унагаж, заримдаа элгээ хөштөл инээж суухад хөшигний цаана ажиллаж буй олон залуусын авъяасыг зарим нь бахдаж суугаа. Тус төсөл нь гадаадын медиа брэнд бүтээгдэхүүнийг эх орондоо оруулан ирж, нутагшуулсан анхны тохиолдол биш. Хэвлэлээс анх Cosmopolitan орж ирж байсан бол телевизийн форматуудаас “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтэрсэн  санагдана. Энд гадны нэвтрүүлгийг монголчилж хуулбарлах биш харин албан ёсоор технологийг нь оруулж ирснийг нь дурьдав. Тус телевизийн төсөл нь Монголын анхны “талент шоу”ч биш. Ижил нэртэй Монголын телевизүүдийн хамтран бүтээсэн шоу байсан гэдгийг санаж байгаа байх. Анхны хэмээх алдрыг хүртээгүй ч анхны дугаараа эфирт цацаад л монгол үзэгчдийг өөртөө татсан нууц нь юу вэ?

Үнэнийг хэлэхэд анх нэвтрүүлэг зарлагдахад үзэгчид битгий хэл телевизийн салбарынхан ч төсөл амжилттай болно гэдэгт үл итгэх байдлаар хандсан. Хэн ч тэсрэлтийг хүлээгээгүй. Гэвч..

1.

Түүх бүтээх технологийг харийнхнаас суралцсан монгол залуус, сайн зохиолтой нэвтрүүлэг хийж чаджээ. Энэ бол харин анхны тохиолдол байлаа. Яаж түүх бүтээж болдгийг харуулсан энгийн нэгэн жишээ бол Ховдын Дарви сумын “ардын яруу найрагч”, XD группийн ерөнхийлөгч залуу байв. Тэр өдрөө л олон нийтийн сүлжээнд түүний фэн хуудсууд нээгдэж мянга мянган дагагчтай болсон нь содон тохиолдол.

2.

Зардлаа хэмнэхийн тулд Монголын телевизүүд хамгийн түрүүнд уран бүтээлчдээ танадаг. Тэр нь шууд чанарт нөлөөлдөг. Мэдээж Монгол ТВ-ийнхэн гадны телевизүүдийн адил олон уран бүтээлчийг хамруулж чадахгүй байгаа. Гэхдээ л бусад төслүүдээс олон уран бүтээлчид оролцож байгааг титрээс нь харах боломжтой. Найруулагч, зураглаач, хөтлөгчөөс бүрэлдэх болсон өнөөгийн телевизүүдийн нэвтрүүлгүүдийн дэргэд сүрдмээр эрээлжилсэн урт нэрсийн жагсаалт.

3.

Энэ төсөл Монголын бизнес эрхлэгчдэд хичээл болж байгаа болов уу. Хэрэв сонирхолтой, чадалтай төслүүдийг хөрөнгө гарган ивээн тэтгэж чадвал өгөөж нь ч өндөр байж чаддагийг олж харна гэдэгт итгэж байна. Нийтийн сүлжээгээр хөтлөгч, шүүгчид болон оролцогчид руу давшилсан, магтсан олон сэтгэгдлүүд байх. Гэвч бид хүссэн хүсээгүй энэ төсөл (иймэрхүү төслүүд) монголчуудыг, бидний амьдралын хэмнэлийг, аливаа нэгэн зүйлд хандах хандлага, харах өнцгийг эерэг, сөрөг ямар нэгэн байдлаар өөрчилж байгааг анзаарч чадаж байгаа болов уу?

Тэсрэлт нэгэнт болоод өнгөрчээ. Харин үргэлжлэл нь ямар байх бол?

hishig
2015-10-19 15:38

yag zuv
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих