Чухал уу? Яаралтай юу?

Чухал зүйл хааяа яаралтай байдаг, яаралтай зүйл хааяа чухал байдаг


Товч агуулга:

  • Яаралтай байх нь чухал уу?
  • Чухал байх нь чухал уу?
  • Яаралтай бус чухал ажилд ач холбогдол өг

Чухал нь чухал юм уу? Яаралтай нь чухал юм уу? Яаж ангилвал зүйтэй вэ? Яарч тэвдэж, бөглөрч гацаж, бухимдаж яваа бидний дунд чухал бөгөөд яаралтай ажлаа амжуулахаар тэвдэж сандарч буй нь олон. Хоногийн 24 цагийг хэн өөрт ашигтайгаар эргүүлж чадсан нь амжилт уруу дөхдөг хойно цагийн менежментийг зөв хийх ашиг тустай аргуудын нэг болох “Чухал болон Яаралтай” ажлуудыг зөв ангил. Ингэснээр эрэмбэ дарааг нь эмх цэгцтэй гаргах аргад суралцана.

Чухал болон яаралтайг ялгаж салгах аргын тухай “Үр дүнтэй ажилладаг хүмүүсийн 7 зуршил” номонд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ аргыг АНУ-ын ерөнхийлөгч асан Двайт Эзенхауэр сурамгай ашигладгаараа гаршсан бас алдаршсан нэгэн байв.

“Чухал зүйл хааяа яаралтай байдаг, яаралтай зүйл хааяа чухал байдаг” Двайт Эзенхауэр

Энэ ажил чухал уу? Энэ ажил яаралтай юу? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж хийхээр төлөвлөсөн ажлуудаа дараах дөрвөн цонхонд зөв дараалуулахаас Чухлыг яаралтайгаас Яаралтайг чухлаас ялгах ажил эхэлнэ.

Цонх 1: Чухал бас яаралтай

Энэ нүдэнд багтсан ажлууд бол онцгой ач холбогдол бүхий ажлууд юм. Яг одоо л хийх хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол аль болох түргэн бөгөөд сайн хийж дуусгах хэрэгтэй. Хэрвээ та энэ хэсгийн ажилд хэт их цаг зарцуулвал урт хугацааны төлөвлөлт шаардлагатай бусад ажлууддаа зарцуулах цаг хомс болно. Хэрвээ энэ цонхонд 2 болон түүнээс дээш ажил орж ирвэл тэдгээр ажлуудын аль нь яаралтай болохыг уг ажлуудад хамааралтай багийн гишүүдтэйгээ зөвлөж дахин ангилж дараалуулах хэрэгтэй. Огт төлөвлөгдөөгүй ажил энэ хэсэгт хэн нэгнээс орж ирсэн тохиолдолд магадгүй та дараагийн өдөр амжуулж болох тухай амлалтаар хариу барьж болно. Энэ нь тэдний хүлээлтийг судалж, төлөвлөсөн ажлуудаа түрүүлж хийх боломжоор хангагдана гэсэн үг.

 

Цонх 2: Яаралтай бус гэхдээ Чухал

Энэ хэсэгт таны цагийг хамгийн ихээр зарцуулахыг хүсдэг ба зарцуулах ёстой ажлууд багтдаг. Өөрөөр хэлбэл хангалттай цаг хугацаанд багтаан амжуулах хамгийн чухал ажлууд байх ёстой. Үр ашигтай арга барилаар өндөр чанартай бүтээмж өндөртэйгээр ажиллах боломжийг олгодог.

Амжилт чухам эндээс л эхэлдэг гэдгийг сана. Гэхдээ заримдаа яаралтай бус учраас мартагдаж, орхигдчих гээд байдаг талтай. Нэг болон гуравдугаар цонхонд багтсан ажлууд таны ихэнх  ажлын төлөвлөгөөг эзэлж байвал, тэнцвэр алдагдсаныг анхаарч илүүтэй энэ хэсгийн ажилд зориулж цаг гаргах хэрэгтэй.

Стратегийн шинж чанартай, зорьсон зорилгоо гүйцэлдүүлэх арга замыг хайх, чиглэл бодлого тодорхойлохуйц шинж чанар бүхий ажлуудыг энэ хэсэгт багтаагаарай.

 

Цонх 3: Яаралтай гэхдээ чухал бус

Энэ цонхонд багтсан ажлуудад төдийлөн өндөр ач холбогдол өгсний хэрэггүй гээд шулуухан хэлчихье. Учир нь таныг байнгын завгүй хэдий ч бүтээмж муутай нэгэн байхад чинь эдгээр ажлууд гай болдог. Энэ хэсгийн ажлыг хүмүүс ихэнхдээ чухал гээд андуурчихдаг нь том алдаа болдог. Энэ хэсгийн ажлуудыг ихэвчлэн багийн гишүүд чинь тань руу шидсэн байдаг. Энэ ажил үнэхээр чухал юм уу гэдгийг тэднээс дахин асууж лавлах хэрэгтэй.

 

Цонх4: Чухал бус бас Яаралтай бус

Энэ цонхонд багтах ажлуудаа аль болох цөөн байлга. Ихэвчлэн энэ хэсэгт ажил гэхээсээ илүүтэй таны дэмий дадал зуршлууд багтдаг. Заримдаа хэт ачааллын дундаас завсарлага авахын тулд ч та энэ ажлуудыг хийдэг байж магадгүй юм. Аль болох цөөлж чадсанаар таны нэг өдрийн ажлын хэмнэл болон ажлын бүтэц маш тодорхой болж, илүү цаг зарцуулах ёстой үнэ цэнэтэй ажилдаа анхаарал хандуулах боломж нэмэгдэнэ.

Амжилт хүсье!

 

bayarlalaa
2015-10-19 07:35

bayarlalaa...
25 1

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих