Гэрийн эзэгтэй нарын трэнд

Таны хийдэг зүйлтэй адилхан байна уу?


Товч агуулга:

  • Би цэцэгний дүрсээр хатгамал хийх дуртай
  • Хоногийн 24 цагийн дөрвийг нь би хоол хийхэд зарцуулдаг

Хүмүүсийн ажил амьдралтай сошиал ертөнц салшгүй холбоотой болоод байна. Тэнд хүмүүс сонирхлоороо олон төрлийн группуудэд нэгдэх болсон. Тэр дундаа гэрийн эзэгтэй нар сошиал ертөнцөд юу хийдгийг бид сонирхлоо. Эзэгтэй нарын дийлэнх нь шүр сувдаар хатгамал хийж, хоолны группуудээс суралцаж, нүүр будах зөвлөгөө үзэж туршдаг байна.

 

Ц.Хулан (43 настай, хувиараа бизнес эрхэлдэг)

Би тийм их цаг завтай хүн биш л дээ. Ажлаас хөндийрч амрах цагийг хүчээр гаргадаг. Энэ үедээ ихэвчлэн шүр, сувдаар хатгамал хийдэг. Би цэцэгний дүрсээр хатгамал хийх дуртай. Үүнийг хийхэд нэлээд цаг ордог. Ажлын хажуугаар хийдэг болохоор нэг хатгамлыг багадаа долоо хоног хийнэ. Өөрийн хийсэн бүтээлээ жаазанд хийгээд хэн нэгэнд бэлэглэх ч юм уу, гэртээ өлгөхөд сайхан байдаг.

 

А.Солонго (33 настай, жирэмсний амралтаа авсан)

Ажил хийдэг байхад надад хобби гэж байгаагүй. Жирэмсэн болоод гэртээ сууснаас хойш цаг л гарвал  шүр сувдаа бариад суучихдаг болсон. Өдөржин гэрийн ажил хийнэ, нөхрөө ирэхийг хүлээнэ, хэн ч намайг тоохгүй байгаа санагдах үед шүр сувд л хань болдог доо. Өглөө сэрээд хийх ажил, зорилгогүй байна гэдэг миний хувьд аймшиг. Ядаж л за нөгөөхөө хийж дуусгая гээд жижиг ч гэсэн зорилго тавиад өдөр хоногийг өнгөрөөдөг.

 

Г.Баярмаа (30 настай, нягтлан бодогч)

Миний бодлоор хоол бол урлаг. Хоногийн 24 цагийн дөрвийг нь би хоол хийхэд зарцуулдаг. Шинэ содон хийцтэй, онцгой амттай хоол хийх нь надад сонирхолтой санагддаг. Хамгийн гол нь хичээл зүтгэл гаргаж хийсэн хоолыг гэр бүлийнхэн маань амтархан идэхийг харах гоё. Би өдөр болгон sweet kitchen группт зочилдог. Ямар шинэ хоол байна, өнөөдөр ямар хоол хийх вэ гэдгээ харж, суралцдаг.

 

Х.Цэцэгзул (25 настай, дипломатч)

Би багаасаа л эрх танхи өссөн. Би төрсөн гэртээ хоол хийж, гэр цэвэрлэж үзээгүй. Айлын бэр болоод тэр бүх зүйл орвонгоороо эргэсэн. Ганц цагийн дотор амжуулж гэрээ цэвэрлэнэ, зургаан хүний хоол хийх хэрэгтэй болдог. Ажил хийж сураагүй би эхэндээ учраа олохгүй будилдаг л байлаа. Одоо бол жинхэнэ гэрийн эзэгтэй болж чадсан. Хоол хийж сурахад минь хоолны группууд маш их тусалсан. Өдөр болгон л хийх хоолоо орж үздэг, суралцдаг дадалтай болсон.

 

А.Хайрмаа (29 настай)

Цэцэг шиг дэрвэсэн 20 насандаа гунхаж л явлаа. Өнөөдөр би 29 настай гурван хүүгийн ээж. Насаараа хамт байна гэж итгэж, хайрлаж явсан хань минь сэгсийсэн үстэй, сэвхэндээ баригдсан нүүртэй, 93 кг жинтэй намайг нэг л өдөр орхиод явсан. Би гомддоггүй ээ. Эр хүн нүдээрээ дурладаг хойно. Одооноос би өөрийгөө тордож байгаа. Дуучин Нарагийн нүүрээ будах зөвлөгөө, үсээ янзлах аргуудыг байнга үздэг. Нүүрээ будах гэтэл надад крем, хар харандаа хоёроос өөр юу ч байгаагүй. Би Нарагийн нүүр будах зөвлөгөөний дагуу олон төрлийн будагтай болж, нүүрээ будаж, үсээ ороох болсон. Тун удахгүй 60 кг жинтэй болоод өндөр өсгийт дээр алхана даа.

 

 А.Сувд (31 настай)

Би сүүлийн үед интернэтээс нүүр будах хичээлүүд их үзэж, дуурайдаг болсон. Эмэгтэй хүн өөрийгөө байнга л тордохгүй бол гундахдаа амархан шүү дээ. Би хоёр хүүхэд, нөхөртэйгээ ам бүл дөрвүүлээ амьдардаг. 23 наснаасаа хойш найман жил гэртээ суусан. Нэг өдөр 10 жилийн уулзалт болох гээд гарах гэхэд нүүрээ будаж, үсээ янзалдаггүй би гэдэг хүн яахаа мэддэггүй. Тэр үеэс хойш өөртөө анхаарч, нүүр будах зөвлөгөө бичлэгүүд үзэх болсон. Үзсэн зүйлээсээ үргэлж туршиж үздэг.  

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих